Оюун-Эрдэнэ.Л 2017.07.31 | Сайт: Vip76.mn

“LEAD KHENTII” буюу Хэнтий аймгийн манлайлагч залууст боломж олгох хөтөлбөр

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн 41-р тойргийн сумд болох Батноров, Баян-Овоо, Баянхутаг, Баян-Андарга, Биндэр, Галшар, Дадал, Норовлин, Бэрх хотын 15-30 насны бүтээлч, эерэг сэтгэлгээтэй залууст зориулсан “Lead Khentii” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Тус хөтөлбөр нь хөдөө орон нутаг, тэр дундаа сумдад ажиллаж, амьдарч буй өөрийгөө болон сум орон нутгаа хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг дэмжих, дэлхийн жишигт хүрсэн боловсрол эзэмших хүсэлтэй манлайлагчийг бэлтгэх зорилготой юм.

Хөтөлбөр 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 01 хүртэл үргэлжлэх бөгөөд 4 үе шаттай явагдах юм.

Эхний шатанд оролцогчид “2030 онд төрөлх нутаг минь ямар байх вэ?” сэдвийн эссэ бичиж, өргөдлийн маягт, засаг даргын тодорхойлолтын хамт шүүгчдийн комисст ирүүлэх юм. Нийт ирүүлсэн материалтай шүүгчдийн комисс танилцаж сум тус бүрээс шилдэг 9 оролцогчийг шалгаруулах аж.

Хоёрдугаар шатанд эхний шатанд шалгарсан нийт 81 оролцогчид 2017 оны 08 дугаар сарын 08-наас 16-ны өдрүүдэд өөрийн бичсэн эссэний дагуу тухайн сумандаа уран илтгэлийн шалгаруулалтад оролцоно. Улаанбаатар хотоос тусгайлан томилогдсон шүүгчдийн комисс очиж сум тус бүрээс шилдэг 3 оролцогчдыг шалгаруулна. Шалгарсан оролцогчид дараагийн шатны шалгаруулалт хүртэлх хугацаандаа сумандаа нийгмийн төсөл хэрэгжүүлж, таван өдрийн манлайллын цогц сургалтын эхэнд тайлангаа тавих юм.

Гуравдугаар шатанд өмнөх шатнаас шалгарсан нийт 27 оролцогч 09 дүгээр сарын 20-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 5 өдрийн манлайллын цогц сургалтад хамрагдана. Тус сургалтанд хувь хүний хөгжил, манлайллын ур чадварууд, англи хэлний сургалт зэрэг олон төрлийн хичээлүүдийг мэргэжлийн сургагч багш нар заана. Манлайллын сургалтын холбогдох бүх зардлыг хөтөлбөрөөс даах аж. Уг шатны манлайллын сургалт нь реалити шоу хэлбэрээр явагдах юм.

Сүүлийн шатанд гуравдугаар шатнаас шалгарсан оролцогчдын бусдыгаа манлайлах чадвар, идэвх санаачилгатай байдал, хөтөлбөрийн турш оролцсон байдал, явцын үнэлгээ, тусгай даалгаврын оноо зэрэг шалгууруудыг харгалзан үзэж шилдгийн шилдэг 3 оролцогчийг шалгаруулахаар болжээ.

Хөтөлбөрт хамрагдсан шилдгийн шилдэг гурван оролцогчийг АНУ, БНСУ, БНХАУ-д богино хугацааны удирдлагын хөтөлбөрт хамрагдах эрх хүлээж байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn