150 орчим сумдын нутгаар гантай, 50 гаруй суманд гандуу байна
2017.08.04

150 орчим сумдын нутгаар гантай, 50 гаруй суманд гандуу байна

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын болон Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сайд, дарга нар танилцуулга хийж, үүнтэй холбоотой санал дүгнэлт гарч, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн П.Сэргэлэн,

-Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай, 50 гаруй суманд гандуу байна.

Үүнтэй холбогдуулан манай яам бүхаймгийн ХХАА Газраас зуншлага, ургацын төлөв байдал,мал өвөлжилтийн бэлтгэлажлын урьдчилсан дүн мэдээг авч нэгтгэн дүгнэлт хийж төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Долдугаар сарын 20-ноос ихэнх нутгаар бороо орж байгаа тул энэ наймдугаар сарын 10 гэхэд бэлчээрийн ургац сайжрах аймаг, сумдын тоо нэмэгдэнэ.

Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрх бэлтгэлд нийлүүлэх мал махаа тооцон 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч, орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хийж байна гэж сайд хэллээ.

Энэ жил 517.4 мянган га-д тариалалт хийснээс  үр тариа  391.6  мянган га-д,  үүнээс улаанбуудай  367.2  мянган га-д, төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал  75.9 мянган га-д,  тэжээлийн ургамал  25.7  мянган га-д,  эмийн ургамал 1.9 мянган га-д,  жимс, жимсгэнэ 287.1 га-д тус тус тариалсан. 

Нарны хэт их халалт, хур тундасны дутагдлын улмаас бүх бүс нутагт тариалсан таримлын өсөлт саарч удааширснаар үр тариа, улаанбуудайн бутлалт байхгүй, намхан давжаа, жижиг товчин түрүү гарч  улмаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурах магадлалтай. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац ч мөн ганд өртөж хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 орчим хувиар буурахаар байна гэж ХХААХҮ-ийн сайд хэллээ.

Хурлын төгсгөлд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

Ургацын урьдчилсан балансыг энэ сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах,

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор батлагдсан энэ онд бүрдүүлэх аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавьж, үр дүнг Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулах,

Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгүүлэх, санхүүгийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэх, дулааны цахилгаан болон дулааны станцуудыг 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэхэд анхаарч,  нүүрс татан авалтын ажилд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,

2017-2018 оны өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах ажлын хүрээнд алслагдмал айл өрх, жирэмсэн эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийн судалгааг эртнээс гаргаж, төв, орон нутгийн эмнэлгүүдийн машин, техник, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн засварын ажлыг дуусгах,

Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тундас оруулах үйл ажиллагааны явцыг ард иргэдэд сурталчилан таниулах, нэгдсэн ойлголт өгөх зорилгоор телевизийн нэвтрүүлэг хийж мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтайгаар нэвтрүүлэх,

2017 оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон ой, хээрийн гал түймэр, үер, мал, амьтны гоц халдварт өвчин, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, дайчлагдсан иргэдийн томилолт, урамшууллын зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгож, биелэлтийг Улсын онцгой комиссын дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгалаа.