Б.Бат-Эрдэнэ Т.Бадрал 2017.08.07 | Яамны хэвлэл мэдээллийн алба

ОБЕГ-т туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өгчээ

ОБЕГ-т туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өгчээ

Батлан хамгаалахын сайдын А/211 тоот тушаал, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын А/69 тоот тушаалаар Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ашиглаж байсан ОХУ-ын туулах чадвар сайтай 10 ширхэг ЗИЛ-131 автомашиныг Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр Орхон аймагт боллоо.

Тус ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ар тал, техник хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, инженер, хурандаа Б.Бямбаа, ОБЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, хошууч Я.Гантөмөр, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр, Орхон аймгийн ЗДТГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Ш.Ганболд, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ганбаатар, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Жигжидсүрэн нарын албаны хүмүүс оролцов.

Онцгой байдлын байгууллагаас эдгээр автомашиныг ой, хээрийн түймрийн эрсдэл ихтэй аймгуудын Онцгой байдлын газруудад олгохоор болсон юм.

Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Булган, Төв, Орхон, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын Онцгой байдлын газруудад тус бүр нэг автомашин хуваарилан, төв, орон нутгийн Онцгой байдлын газруудаас хүрэлцэн ирсэн жолооч нарт түлхүүрийг гардуулан өглөө.