Н.Амарзаяа 2017.08.11 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Өмнөговь аймгийн бүсчилсэн хэлэлцүүлэг өндөрлөлөө

Өмнөговь аймгийн бүсчилсэн хэлэлцүүлэг өндөрлөлөө

УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг өнөөдөр (2017.08.10) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус аймгийн Сэврэй, Булган, Баяндалай, Гурвантэс болон Ноён сумын Засаг дарга, багийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид, багийн ИНХ-ын дарга нар болон нутгийн иргэд оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч дарга С.Мөнхбаяр хэлсэн үгэндээ “Манай аймгийн хувьд зүүн, баруун, төвийн гэсэн гурван бүсэд хувааж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр баруун таван сумыг хамарсан бүсийн хэлэлцүүлэг эхэлж байна" гээд энэхүү төслийн хэлэлцүүлэгт өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохыг хүслээ.

Сэврэй суманд болсон тус хэлэлцүүлэгт нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа оролцсон бөгөөд тэрбээр “Үндсэн хуулийг боловсруулж, баталж байсан үеэс хойш 25 жилийн өнгөрсөн бөгөөд энэ хугацаан дахь нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн цаг үе ирж, та бид үүнд гар бие оролцох боломж тохиож байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж, ардчилсан, шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан. Энэхүү төсөлд хувь хүний эрх ашиг, үзэл баримтлалтай холбоотой асуудлыг хөндөөгүй.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хоёр үе шаттайгаар зохион байгуулсан Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг үндэслэн УИХ-ын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 6 багц сэдвийн хүрээнд Та бүгд санал өгөх юм. Тодруулбал, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Төрийн алба, Шүүх эрх мэдэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага сэдвийн хүрээнд саналаа өгөх төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй асуудлаар ч саналаа өгөх боломжтой” гэдгийг хэллээ.

Ноён сумын Сайран багийн иргэн Д.Шинэхүү

Хэлэлцүүлэг төсөлд тусгагдаж буй дээрх таван багц асуудлын дэлгэрэнгүй танилцуулгаар үргэлжилсэн юм. Үүний дараа иргэд асуулт асууж хариулт авсны дараа саналаа хэллээ. Тухайлбал, Ноён сумын Сайран багийн иргэн Д.Шинэхүү “Ардын Их Хурлын тухай асуудал Зөвлөлдөх санал асуулгаар яригдаж байсан. Энэ асуудал төсөлд тусгагдаж байгаа юу?” гэдгийг лавласан бол Баяндалай сумын Наран багийн иргэн Ц.Галсандорж “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох цаг нь болсон. Ялангуяа Засгийн газрын эрх мэдэл хязгаарлагдмал байна. Ерөнхийлөгч нэг заавар өгдөг, УИХ нэг тогтоол гаргадаг гэх мэтээр. Энэ төслөөр Засгийн газрын тогтолцоог зөв болгож, төрийн албанд томилох хүмүүсийн шалгуурыг өндөр, насны хязгаартай байхыг дэмжиж байна” гэлээ.

Баяндалай сумын Наран багийн иргэн Ц.Галсандорж

Сэврэй сумын Сайншанд багийн иргэн Ц.Буддорж

Сэврэй сумын 1-р багийн иргэн Ч.Огтбиш

Мөн Үндсэн хуульд хүний эрхийн тухай асуудлыг тодорхой заах өгөх, “давхар дээл”-ийг дэмжихгүй, ерөнхий боловсролын системд Үндсэн хуулийн талаар зааж,хүүхэд багачуудад системтэйгээр эрх зүйн боловсрол олгодог байх, төрийн албан хаагчдын хариуцлагыг сайжруулах, Үндсэн хуулийг зөв хэл найруулгатай бичихэд анхаарах зэрэг саналыг иргэд тавьж байлаа.

Өмнөговь аймагт зохион байгуулсан бүсчилсэн хэлэлцүүлгийг дүгнэж УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч багийн ахлагч Б.Мөнхцэцэг “Өмнөговь аймгийн хэмжээнд нутгийн захиргаа болон төрийн 170 гаруй албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийж, сургалт зохион байгуулж гарын авлагаар хангалаа. Аймгийн хэмжээнд 370 гаруй хүн санал асуулгын хуудас бөглөсөн.

Өмнөговь аймгийн иргэдээс гол төлөв УИХ-ын гишүүн, шүүгч, Ерөнхийлөгчид нэр дэвших иргэний хуульд заасан насыг 5-10 жилээр нэмэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох зэрэг саналыг иргэд дэвшүүлж байлаа” гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсанаар төрийн эрх мэдлийн институци хоорондын харилцан хяналт, тэнцвэрт байдал сайжрах, Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь оновчтой болох, төрийн хариуцлага сайжрах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Ийнхүү Өмнөговь аймгийн гурван бүсийг хамарсан хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө.

УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг нөгөөдөр (2017.08.12) Өвөрхангай аймгийн Баянгол суманд ажиллана