хүрэлсүх 2017.08.11 | Сайт: Vip76.mn

Сошиал сүлжээний гол дүр

Монгол Улс бүхэлдээ "тагнуулч, урвагчид"-ын өлгий нутаг болсон гэлтэй. Улс төрийн буянаар гэх үү, балгаар гэх үү энэ тавцанд өрнөх дуулиан тасрахгүй... Үүнтэй холбоотойгоор хэсэг нөхөд хохирч, хэн нэгэн хожиж байх шиг. Тэгвэл ээлжит нэгэн дуулианы эзнээр Шадар сайд У.Хүрэлсүх тодорлоо. Гэхдээ сошиал дуулиан гэх нь зөв байх.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тодорхой үндэслэлээр өөрийнх нь амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдах зорилгоор нэр бүхий этгээдүүд түүнийг хууль бусаар тагнах, чагнах, мөрдөх ажиллагаа явуулж байна гэж үзээд өнгөрөгч сарын 3-нд ТЕГ, АТГ тус тус хандсан байдаг.

Асуудлыг дорвитой шийдүүлэх үүднээс мөн сарын 31-нд Шадар сайд У.Хүрэлсүх УИХ-ын Гадаад бодлого, байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт ч албан тоот явуулжээ. Хариуд нь асуудалд онцгой анхаарч, хуулийн дагуу зохих арга хэмжээ авахаа илэрхийлсэн юм.

Энэ ч үүднээс Монгол Улсын ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ, ТЕГ-ынхан Засгийн газрын гишүүний амь нас, эрүүл мэнд, нэр төрд халдаж байна гэсэн гомдлын мөрөөр ямар арга хэмжээ авч байгаагаа 8 дугаар сарын 11-ний дотор УИХ-ын АБГББХ, Тусгай хяналтын дэд хороонд ирүүлэхийг үүрэг болгосон.

Өнөөдөр 8 дугаар сарын 11-ний өдөр. Гэтэл одоог болтол хууль хяналтын байгууллагууд энэ асуудлын талаар дорвитой мэдээлэл өгөөгүй байна. Шадар сайд, байнгын хорооны дарга, хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд хоорондоо албан бичиг “шидэлцсээр”, түр зуурын дуулиан, хэн нэгний явуулга, хэсэг нөхөд золиос болж замхрах вий. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn