Баттулга.Х Занданшатар.Г Батзандан.Ж Лүндээжанцан.Д 2017.08.14 | Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба, Телевиз: МҮОНТВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүү чухал тулгамдсан цаг үеийн асуудал олон байгааг санууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүү чухал тулгамдсан цаг үеийн асуудал олон байгааг санууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нар

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов.

Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явц байдлын талаар санал солилцон ярилцлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал асуулгын хууль баталж, ийм механизм гаргаж байж Монгол Улсын Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэс нь нээгдсэн” гээд нэгд, Үндсэн хууль сайн хууль тул түүнийг хөдөлгөж болохгүй, хоёрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй, гуравт, МАН-ын дотор цөөн гишүүд, мөн МАХН-ын зүгээс болоод Ардчилсан намаас Э.Бат-Үүл нар Ардын Их Хурал, Бага хурал гэсэн хоёр танхимтай парламенттай болъё гэсэн санал гаргасан. Мөн Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар мэдэгдэл хийсэн.

Энэ дотроос Парламентын засаглалаа хадгалаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал 60 гаруй хувийг эзэлж байгааг” танилцууллаа. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болгох эсэх, Засгийн газарт чиглэл өгөх гэх мэт эрх байх эсэхийг ард түмнээр шийдүүлэхээр санал асуулга явуулж байгаа талаар дурдав. Нийт 5 багц бүхий 22 асуудал тусгасан төслийг эхний ээлжинд боловсруулаад байгаагаа тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж өгөв.

Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөд сайн ч зүйл бий байх. Муу ч зүйл бий байх. Төрийн 3 өндөрлөгийн хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг шинэчлэх асуудлыг л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулах нь гэж олон хүн ойлгож байна. 25 жил болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэгдүгээрт, Монгол Улс, хоёрдугаарт Монголын гурван сая ард түмний эрх ашгийг нэн түрүүнд тавих ёстой гэж ажлын хэсгийн ахлагч үзэж байгаа гэж хэллээ. Энэ үнэхээр гол асуудал.

Гэтэл хэлэлцүүлгийн явцад УИХ-д 65 суудал авсан МАН-ын зүгээс энэ дарааллыг өөрчлөх вий гэсэн болгоомжлол бас байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын эрх ашиг эн тэргүүнд эрэмблэгдэх вий. Монгол Улсынхаа гурван сая иргэний төлөө асуудал ярьж байгаа бол, сумын Засаг даргыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгоно, УИХ-ын гишүүд алдаа гаргавал сонгогчид нь эргүүлэн татдаг байна гэх зэрэг асуудлыг нийтээрээ дэмжих магадлалтай” гээд энэ талд хатуу анхаарахыг ажлын хэсгийн гишүүдэд санууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Шинэ Ерөнхийлөгч гараад ирмэгц Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яагаад довтолгоод унав аа. Нэгд, та нар ингэж шууруулж болохгүй. Хоёрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэдэг нэг хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн олон нийтэд хэрэгцээтэй зүйл байвал ярьж болох талтай. Гэтэл салбар хуулиудаараа Үндсэн хуулийг “будаа болтол” шүршээд юу ч биш болгочихлоо шүү дээ.

Жишээ нь, Элчин сайд томилох дээр зөвшилцөх гэдэг үгийг яагаад Үндсэн хуульд бичсэнээс өөрөөр УИХ хууль гаргаж тайлбарлаж байгаа юм бэ. Үндсэн хууль гэдэг үндсэн суурь хуулийг хажуугаар нь жижиг хуулиуд гаргаж тайлбарладгийг болиулж, үүнийг цэгцлэх хэрэгтэй. Шинэ Ерөнхийлөгч гараад ирэхээр шууруулаад эрхийг нь хаагаад авъя. Гэхдээ яах вэ, шинэ Ерөнхийлөгч битгий санаа зов. Энэ 2021 оноос үйлчлэх юм шүү гэж тайлбарлаж байгаа бол тийм зүйл огт байхгүй шүү. УИХ-ын 57-гоос дээш гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Ингээд нэг өдөр шуураад баталчих вий” гэсэн болгоомжлол байгааг хэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын зүгээс 60 тэрбумын асуудлыг шийдсэний дараа энэ  Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих ёстой. 60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг урьдчилсан зарсан асуудалтай холбоотойгоор бүрдсэн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй гэж үзэж байгаагаа хэллээ. Энэ удаагийн УИХ нэг намаас 65 гишүүнтэй, гэтэл 57 ба түүнээс дээш гишүүний саналаар Үндсэн хууль өөрчилнө гэх юм бол нөгөө дээр яригдсан эрх ашгийн эрэмбэ алдагдах магадлалтайг санууллаа. Мөн Үндсэн хуулийг өөрчилснөөр Иргэдийн нийтийн Хурлын эрхийг иргэдээс булаан авах, шүүгчийн насыг нэмэгдүүлэх зэрэг асуудал бас яригдаж байгаа юм байна. Тэгвэл УИХ-ын гишүүний насны босгыг бас нэмж, төлөвшсөн хүн гишүүн болдог байхад ч анхаарах хэрэгтэй хэмээн саналаа хэлэв.

Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн 65 нь нэг намынх, тэдний 41 нь шинээр анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд байгааг Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ авч үзэхэд илүүдэхгүй шүү хэмээн болгоомжилж байгаагаа онцгойлон анхааруулав. Мөн олон аймг сумдын нутагт ган гачиг болж байна, зуд болох, ургац алдах гээд цаг үеийн тулгамдсан асуудал асар олон байхад УИХ нь нэн яаралтай биш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийнхүү шавдуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар нэгэнт хэлэлцээд эхэлвэл дундуур нь өөр ямар нэгэн асуудал хэлэлцэхгүй байх хуультай юм байна.