Бямбацогт.С 2017.08.18 | Сайт: Vip76.mn

Зөвшөөрөлгүй гэрэл зураг авсан, дуу, дүрс бичлэг хийж дамжуулсан, тараасан бол ийм шийтгэлтэй

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл уг хуулийн тусгай ангид "Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах" гэсэн зүйл анги бий. 

Сүүлийн үед сошиал сүлжээгээр уг зүйл ангийг зөрчсөн үйлдэл олшрох болсонтой холбогдуулан "Шилэн хууль" булангаараа энэ удаад ямар шийтгэл оногдуулдаг талаар хүргэж байна. 

Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж, олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол 450-700 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Мөрдөн шалгах, хэрэг бүртгэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж дээрх үйлдлийг хийсэн бол мөн адил шийтгэл оногдуулна.

Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг олон нийтэд тараасан нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн шинжгүй бол 1 жил хүртэл хугацаагаар эрх хасаж, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn