Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан хуулийн этгээдийн  ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална
2017.08.18

Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан хуулийн этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална

Гол мөрнийг бохирдуулах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зөрчил гарган ашигт малтмалын олборлолт явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийг бүрэн хангуулах, эвдэрсэн газрын тооллого хийх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Архангай аймгийн Цэнхэр, Булган аймгийн Бүрэгхангай, Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын нутаг дэвсгэрт хуулиар хориглосон ойн сан болон усан сан бүхий газарт хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийг албадан нүүлгэх арга хэмжээ авахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлон байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан “Рич Мөнх” ХХК-тай холбоотой зөрчлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчинд учирсан хохирлыг бүрэн тооцож, нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.