Номтойбаяр.Н Амгаланбаатар.Х 2017.08.18 | Сайт: МҮЭХ-ны албан ёсны сайт

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиолоо

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиолоо

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн өнөөдөр тохиож байна.  1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх үндэс суурийг тавьсан түүхтэй.

Өдгөө 100 жилийнхээ босгыг давж буй МҮЭ-ийн байгууллага 450 мянга орчим гишүүн, дэмжигчидтэй, аймаг, нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Сонгино амралт, сувиллын газар, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, МҮЭСТО, Альфа зочид буудал гэсэн харъяа газруудтай. Түүнчлэн хөдөлмөрийн маргааны асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Засгийн газар, АОЭНХ-той МҮЭ-ийн холбоо нь хоёр жил тутам хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр байгуулдаг бөгөөд гэрээний биелэлтийг Засгийн газраас удаа дараа шахаж шаардаж хөдөлмөрчдийн дуу хоолойг төр засагт хүргэсээр ирсэн билээ. Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээг нээж МҮЭ-ийн холбооны 22 дахь ерөнхийлөгч Х.Амгаланбаатар үйлдвэрчний эвлэлийн гишүүд, идэвхтэн сонгуультан, зуун жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд болон тэдний гэр бүлд нь МҮЭ-ийн холбооны нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Ойн баярын арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нараас МҮЭ-ийн холбооны нийт гишүүд дэмжигчид, идэвхтэн сонгуультан, ахмадуудад түүхт 100 жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж илгээлт ирүүлсэн байна.

 Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор МҮЭ-ийн ахмад ажилтан Ц.Гэнэндулам, МҮЭ-ийн холбооны харъяа “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн дарга С.Ганаа, Улаанбаатар вагон депогийн ҮЭ-ийн хорооны дарга Х.Ганболд, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг нарыг шагналаа. МҮЭ-ийн холбооны дээд шагнал болох “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар МҮЭ-ийн холбооны Гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Амарсанаа, Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Ч.Өлзийжаргал нар энгэрээ мялаалаа.

Ойн арга хэмжээний үеэр Оросын бие даасан ҮЭ-ийн холбоо, Бүх Хятадын ҮЭ-ийн холбоо, Дани, Беларус, БНКУ, БНТУ-ын ҮЭ-ийн холбоодын төлөөлөл үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ. МҮЭ-ийн орон нутагт сумын ҮЭ-ийн даргаар 43 жил, Орхон аймгийн ҮЭ-ийн холбоонд долоон жил зөвлөхөөр ажилласан өдгөө 90 насыг зооглож буй Загдын Гончигжав МҮЭ-ийн холбооны дэргэд “Мөнхийн сан” байгуулахаар болсон байна. Энэхүү санг 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тусгай данс нээн, хүүгийн орлогоос жил бүр онцгой гавъяа байгуулсан байгууллага, хувь хүмүүсийг шагнах болсоноо дуулгасан юм.

Мөн МҮЭ-ийн холбооны удирдлагууд нийт гишүүд дэмжигчид, идэвхтэн сонгуультнууд жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.