Даваасүрэн.Ц Энхбаяр.Ж Бат-эрдэнэ.Ж Ж.Мөнхбат Оюун-Эрдэнэ.Л 2017.08.22 | Сайт: Vip76.mn

Байр суурь: Засгийн газар огцрох ёстой юу?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар удирдуулсан Засгийн газар ажиллаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Ажлаа хүлээн авснаас хойш оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 5,3 хувиар өсөж, нүүрсний экспортоос олох орлого нэмэгдсэн боловч 7 төрлийн татвар нэмэх, хүүхдийн мөнгө хасах зэрэг ард түмний дургүйцлийг хүргэсэн шийдвэрүүдийг ч гаргасан.

2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх тус нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой гэж МАН-ын зарим гишүүн үзэж байгаа юм.

Иймээс УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар МАН-ын бүлгийн 65 гишүүний 30 орчим нь Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсгээ зуржээ.

Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн гишүүдийн зарим нь тодорхой болоод байна:

  • Т.Аюурсайхан
  • Ц.Даваасүрэн
  • Л.Оюун-Эрдэнэ
  • Я.Содбаатар
  • Г.Занданшатар
  • Д.Цогтбаатар
  • Т.Тогтохсүрэн
  • С.Чинзориг
  • Ж.Энхбаяр
  • Д.Цогтбаатар
  • Ч.Хүрэлбаатар
  • Х.Болорчулуун
  • Х.Нямбаатар
  • Д.Сарангэрэл
  • Ц.Гарамжав
  • Д.Дамба-Очир
  • Д.Сумъяабазар
  • Б.Баттөмөр
  • Л.Элдэв-Очир
  • А.Сүхбат

Тус намын зарим гишүүд эдийн засаг болон намар, өвлийн бэлтгэл ажил хангах хариуцлагатай цагт улстөржиж засгийн газраа унагахгүй байх ёстой гэж харж байгаа бол нөгөө хэсэг нь анхнаасаа амлалтаа биелүүлж чадаагүйн дээр өнгөрсөн хугацаанд хариуцлагагүй ажилласан Засгийн газартай цаг алдалгүй хариуцлага тооцох ёстой гэж дүгнэж байгаа юм.

Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.

Ц.ДАВААСҮРЭН: Энэ удаагийн болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль бол МАН-ын хувьд маш ач холбогдолтой сонгууль болсон. Жилд 2 удаа дараалан ялагдсан. Гэтэл 3 дахиа ялагдана гэдэг бол байж болшгүй зүйл. Нөгөө талаар 2021 онд манай нам 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Гэтэл харамсалтай нь төрийн тэргүүний сонгуульд ялагдал хүлээчихлээ. Ард түмэн бидэнд итгэл өгсөнгүй. Татварыг нэмсэн, хүүхдийн мөнгө хассан, амлалтаа биелүүлээгүй. Засгийн газрын бүтэн жилийн хугацаанд хийсэн ажилд ард түмэн сэтгэл ханамжгүй байгааг харуулж байна. Ийм байдалд хүргэсэн албан тушаалтнууд хариуцлагаа ёс зүйтэй үүрэх ёстой. /тв9 телевиз/

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ гэдэг бол өөрөө төлөөллийн байгууллага. Энэхүү төлөөллийн байгууллага сонгогдоод УИХ дотроосоо “шигшээ баг”-аа гаргаж засаг байгуулдаг. Ерөнхий сайд болон түүний кабинет ард түмний хүлээлтэд нийцэж ажиллах ёстой. Одоогийн Засгийн газар байгуулагдаад нэг жил ажиллаж байна. Энэ хугацаанд ард түмний хүлээлтэд нийцээгүй гэдгийг сонгуулийн үр дүнгээс харж болохоор байна. Манайхаас өөр олон орнуудад Ерөнхий сайдын рейтинг 50 хувиас буувал шууд огцордог. Гэтэл манай Засгийн газрын рейтинг 20 хувь ч хүрэхгүй түвшинд явж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс харахад энэ байдлаа өөрчлөхгүй бол 2021 онд биднийг бүхэлд нь өөрчилнө гэдгээ ард түмэн маш тодорхой илэрхийллээ. /25-р телевиз/

 

Ж.ЭНХБАЯР: Эхлээд Монголын ард түмэн хожих ёстой. Эх орны эрх ашиг үргэлж тэргүүнд байх болно. МАН-ын гишүүд, дэмжигчид шинэчлэллийг зөв, ухаалгаар хийхгүй юм бол энэ завхарсан байдлаараа удаан явах юм бол 2021 онд 100 жилийн ойгоороо бүгд гудамжинд лааз өшиглөх юм болно.

 

Ж.МӨНХБАТ: Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой, үүнээс шалтгаалж байна гэж ярьж байгаа. Гэвч үнэндээ энэ бол нам доторх улс төрийн нөхцөл байдлын сэжүүр цухуйж байна гэж ойлгож байгаа. Удахгүй МАН-ын Бага хурал ирэх сарын 10-ны үеэр болж, намын Их хурал аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр хуралдах болов уу. МАН-ын дүрмээр намын Их хурлаар шинээр гарч ирсэн намын удирдлага, бүрэлдэхүүн Засгийн газар, УИХ-аа эмхлэн зохион байгуулаад явах бүрэн эрхтэй. Зарчмын хувьд ч, улс төрийн соёлын хувьд ч нээлттэй байдаг. Нэг, хоёр сарын дараа асуудал шийдэгдэх гэж байхад Засгийн газрыг яаран огцруулах гэж ийм алхам хийж байгаа бол цэвэр улс төрийн зорилготой, зохион байгуулалттай үйлдэл гэж харж байна. /news.mn/

 

Ж.БАТ-ЭРДЭНЭ: Би намаа шинэчлэх санаачилгыг дэвшүүлж, голлох үүрэгтэй явсан хүний нэг. “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” жигүүрийн дэд зохицуулагчаар ажиллаж байлаа. Намын шинэчлэлийн талаар байнга ярьж байх ёстой гэж үздэг. Гэхдээ би үүссэн асуудлыг аравдугаар сард намын Их хурлаараа шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Намын Удирдах зөвлөлийнхөн үүссэн асуудлыг Их хурлаараа шийдвэрлэнэ гээд тохирчихсон. /Өнөөдөр сонин/

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn