Эрдэнэбат.Ж 2017.09.06 | Сайт: Vip76.mn

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд Засгийн газраас гаргасан онцлох шийдвэрүүд

Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 50 гаруй удаа хуралдаж, цаг үеийн тулгамдаж буй асуудлуудад тодорхой шийдвэрүүдийг гаргасаар иржээ.

Тэдний нэг жилийн хугацаанд гаргасан шийдвэрүүдээс онцолж хүргэе.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

2015 онд Ерөнхийлөгчийн санаачилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 оны 8 сард УИХ-ын нэгдсэн хуралдаанаар төсөл санаачлагчид нь буцаасан байдаг. Харин Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж УИХ-д өргөн барьсан. Уг хуулийг 2016 оны 12 сарын 22-ны чуулганы хуралдаанаар баталж 2017 оны 2 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж байна. Шинээр батлагдсан хуулиар Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэт тооцон, зохих ял шийтгэх талаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн боловсруулсан байна.

Оффшорын тухай

Засгийн газраас 2016 оны 10 сард өргөн барьж, 2017 оны 4 дүгээр сард батлагдсан уг хуулиар Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ офшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна.

“Насны хишиг”

Засгийн газраас Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2016 оны 11 дүгээр сарын 11-нд өргөн барин 2017 оны 1 дүгээр сарын 26-нд УИХ-аар хэлэлцэж баталсан. Уг хуулиар “сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгажээ. Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл

Хөгжлийн зээл нь оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, дээд боловсролын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Оюутан нь боловсролын сангаас авсан зээлээ сургуулиа төгссөнөөс хойш 10 хүртэл жилийн дотор буцаан төлөх юм. 2016 оны төсвийн тодотголоор 70 мянган оюутан суралцагчдад, мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчимд үзүүлэх тооцоо гарчээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчидийн тэтгэврийн даатгалын шимтгэл

Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, 2017 оны 2 дугаар сарын 2-нд баталжээ. Уг хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзол хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар тусгажээ. Төсөл батлагдсанаар малчдын нийгмийн баталгаа сайжирч, малчдад ирээдүйд үзүүлэх нийгмийн халамжийн зардал буурах төлөвтэй юм.

“Цалинтай ээж” хөтөлбөр

Уг хөтөлбөрөөр 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ.

Бөөр орлуулах-гемодиализын эмчилгээний зардлыг төрөөс хариуцахаар боллоо

Бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гемодиализийн эмчилгээг гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол баталжээ. Эмчилгээний заалтаар бол нэг хүн долоо хоногт 3 удаа, насан туршдаа гемодиализын эмчилгээ хийлгэх бүртээ хувийн эмнэлэгт 100-120 мянган төгрөгийн төлбөр төлөх  шаардлагатай болдог бөгөөд жилд дунджаар 20 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Энэ зардлыг төрөөс хариуцахаар болсон байна.

Залуучуудын хөгжлийг тухай хууль

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу салбарын яамнаас боловсруулснаар 16-40 насны залуучууд анх удаа бие даасан хуультай болсон. Статистикаас үзвэл 2015 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 42.9 хувийг 16-40 насны залуучууд эзэлдэг байна.

Уг хуулийг баталсны дараа Засгийн газраас “Залуучуудын хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм. Судалгаанаас үзэхэд залуу 10 өрх тутмын нэг нь түрээсийн байранд амьдардаг бөгөөд залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг баталснаар залуу гэр бүлүүд хөнгөлөлттэй үнээр   орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчин бүрджээ.

Гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21-06 цаг тэглэхээр болов

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлж, 21-06 цагт ахуйн зорилцлалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулжээ. Уг хөнгөлөлтөд 150 мянга орчим хэрэглэгч хамрагдсан юм.

“Мах, сүүний анхдугаар аян”

70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо байхгүй зэрэг шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэр хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байжээ.

Тиймээс Засгийн газраас шийдвэр гарган 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс  ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.  Аяныг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулах бөгөөд хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, иргэдээ баталгаат хүнсээр, үйлдвэрээ түүхий эдээр тогтвортой хангаж, улмаар эдийн засагт тодорхой өсөлт бий болох юм.

“Элэг бүтэн Монгол”

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Мөн 45 наснаас дээш иргэд элэгний В, С вирусын шинжилгээ болон вакцинд үнэ төлбөргүй хамрагджээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn