Монгол Улс жилд 600 сая гаруй литр сүү бэлтгэх боломжтой хэдий ч бүрэн ашиглаж чадахгүй байна
2017.08.29

Монгол Улс жилд 600 сая гаруй литр сүү бэлтгэх боломжтой хэдий ч бүрэн ашиглаж чадахгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сарын 12-нд үндэсний чуулган зохион байгуулагдах билээ.

Энэхүү Үндэсний чуулганаас өмнө салбар хуралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр “Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан боллоо. Хэлэлцүүлгээр салбарын бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч байгаа гол асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл ярилцсан юм.

Салбар хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нээж үг хэллээ. 

Мөн

  • “Төрөөс сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэлийн чиглэлээр баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ”,
  • “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”,
  • Ундаа, ус шүүс үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал,
  • “Ургамлын тос үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавьж, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголчууд бид сүү, сүүн бүтээгдэхүүн өргөнөөр хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Эрүүл мэндэд ашиг тустай сүүн бүтээгдэхүүний ашиг тусыг олон нийтэд сурталчлан таниулах шаардлагатай байна. Хүн амын хүнсний сонголт, хэрэглээ нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжиж байгаатай зэрэгцэн савласан усны хэрэглээ нэмэгдэж байгаа төдийгүй ундны ус, жүүсний эрэлт өсөх хандалттай байна гэдгийг оролцогчид илтгэлдээ дурдлаа.

Монгол Улсын мал сүрэг 2016 оны урьдчилсан дүнгээр 61,5 сая тоо толгойд хүрч, малын тоо толгой өсөхтэй зэрэгцэн мал аж, ахуйгаас бэлтгэх боломжтой сүүн бүтээгдэхүүний нөөц нэмэгдэж байна. Жилд дунджаар 600 гаруй сая литр сүү бэлтгэх боломжтой боловч бүрэн дүүрэн ашиглах боломжгүй байгаа юм.

Монгол Улсад одоогийн байдлаар сүү, сүүн бүтээгдэхүүний 235 үйлдвэр, цех үйл ажиллагаагаа явуулдаг боловч суурилагдсан хүчин чадлынхаа 8-10 хувийг нь л ашигладаг байна.

Сүүний салбарын хувьд хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэлийн оновчтой тогтолцоо бүрдээгүй, тоног төхөөрөмж муу, улирлын хамаарлаас шалтгаалан үйл ажиллагаа доголдож эргэлтийн хөрөнгө багасдаг. Мөн боловсруулах, хадгалах, тээвэрлэх, худалдах шатандаа эрүүл ахуйн нөхцөл алдагддаг. Үндэсний бүтээгдэхүүн худалдан авдаг хэрэглэгчдийн соёл төлөвшөөгүй байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлтийг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол”, “Мах сүүний аян”, “Баяжуулсан хүнс” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна.

Монголын Хүнсчдийн Холбооны Гүйцэтгэх захирал М.Говьсайхан: Сүү бэлтгэн нийлүүлэгч, фермерийн аж ахуйг төрөөс бодлогын түвшинд дэмжлэг туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлага байна

-Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн гол бэрхшээл нь юу вэ?

-Дотоодын сүүний үйлдвэрүүд маань бүрэн хэмжээнд сүүний нийлүүлэлт байхгүй. Зайлшгүй улирлын чанартайгаар үнээний сүүг хэрэглэнэ. Гэхдээ манай томоохон үндэсний хэмжээний сүүний үйлдвэрүүд бүгд өөрсдийн гэсэн фермертэй. Сүүний өвлийн хэрэгцээг хангадаг болсон.

-Фермерийн мал аж ахуйг улирлаас шалтгаалдаг асуудлыг бууруулахын тулд улсаас яг ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ?

-Махны эрүүл мэндтэй холбоотой, мал эмнэлгийн хууль дүрмийг бодлогын хэмжээнд улсаас зөв зохион байгуулахгүй бол үүнтэй уялдаад мах сүүний бэлтгэлийн асуудал яригддаг. Түүхий эд бүтээгдэхүүний нийлүүлэлт байхгүй учраас дараа дараагийн үйлдвэрлэлийн асуудал доголдоно. Сүү бэлтгэн нийлүүлэгч, фермерийн аж ахуйг төрөөс бодлогын түвшинд дэмжлэг туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлага байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн мэргэжлийн зөвлөлийн дарга Г.Энхбилэг: Газар тариалангаас нь эхлээд хэрэглэгч дээр очих хүртэлх үе шатаар нь системээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай

-Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний байдал өнөөдөр ямар түвшинд байна вэ?

-Зах зээлийн нийгэмд шилжиж орсонтой холбоотойгоор энэ салбарын хөгжил асуудал нилээн төвөгтэй болсон. Бид 2000 оныг хүртэл импортын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан. Түүнээс хойш боловсруулах үйлдвэрийн хүчин чадал сайжирч энэ салбарын үйлдвэрлэл хөгжиж дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд ирсэн.

 -Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хичнээн компани байна вэ?

Бидэнд 235 ширхэг жижиг, том сүүний боловсруулах үйлдвэр байна. 2015 оны байдлаар 70 сая литр сүү боловсруулж 52,6 тэрбум төгрөгний борлуулалт хийсэн байна.

-Энэхүү хуралдааны дүнд сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт ямар ахиц гарах төлөвтэй байна вэ?

Бидний хувьд сүү гэдэг чиглэлээр нарийсгаж ярьж байсан удаа маш цөөн. Хүнс гэхээр улаан буудай, газар тариалангийн асуудал хамгийн их яригддаг. Тиймээс бид малын сүү бэлтгэл, газар тариалангаас нь эхлээд хэрэглэгч дээр очих хүртэлх үе шатаар нь системээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ алхмыг хийхгүй байгаа учир энэ салбарт дорвитой өөрчлөлт гарч ирэхгүй байна.

-Энэ салбарын бизнес эрхлэгчдэд ямар бэрхшээл гарч байна вэ?

Бэлчээрийн мал аж ахуй дээр суурилсан сүү бэлтгэлийн хувьд улирлын хэлбэлзэл маш их байдаг. Хүнсний аюулгүй байдлын хувьд эргээд харахад үйлдвэрлэгч нар бүх хариуцлагыг хүлээдэг. Түүхий эд бэлтгэл тал дээр хүнсний аюулгүй байдлын хэрэгжилтийг зайлшгүй эргээд харах шаардлага гардаг. Гэтэл ферм дээр зохистой стандарт сул байдаг. Мөн тэжээл бэлтгэлийн хувьд сүүлийн жилүүдэд сүүний салбарын тэжээл бэлтгэл тарих тал дээр их ахиц гарж байна. Түүнчлэн Фермерийн аж ахуй үндсэн өртгөө нөхөхийн тулд дор хаяж 8-10 жил зарцуулдаг. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байна.

Салбар хуралдаанууд гурван өдөр үргэлжилж байгаа бөгөөд 8 дугаар сарын 28-нд "Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, шувууны мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам" сэдэвт хуралдааныг хийсэн юм. Маргааш буюу 8 дугаар сарын 30-нд "Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам" сэдэвт салбар хуралдааныг хийх юм.