Эрдэнэбат.Ж 2017.09.01 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Телевиз: МОНГОЛ TV

Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

Засгийн газрын хуралдаан 2017.08.31-ний өдөр

Засгийн газрын хуралдаан 2017.08.31-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

Оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталлаа

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа.

Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтов.

Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна.

Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.

АШУҮИС-ийн Амгалан дахь өргөтгөл ирэх онд ашиглалтад орно

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Амгалан/-нд байрлалтай, 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оноос барьж эхэлсэн.

Цогцолбор ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх сургалтын чанар, орчин сайжрахаас гадна 12 мянга гаруй оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын төвийн А зэрэглэлийн бүсээс шилжиж замын хөдөлгөөний түгжрэл буурах юм.

Мөн Монгол Улсад оношилж, эмчилж чаддаггүй 33 өвчний 15-ыг нь эх орондоо оношилж, эмчлэх боломж бүрдэн гадагшаа урсах валютын урсгал буурна гэж Засгийн газар үзэж байна.

Их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлын эхлэл нь энэ өргөтгөл болж байна. Цаашид их, дээд сургуулиудыг чиглэл чиглэлээр нь захын дүүрэг, орон нутагт шилжүүлэх ажлыг судалж, бодлого боловсруулж танилцуулахыг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт даалгав.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөрийг баталлаа

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэхээр болсон байна.

Тав дахь удаагийн хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль эрхзүйн зохицуулалт боловсронгуй болж, аюулгүй ажиллах хандлага, соёл төлөвшин, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бэхжин, ажил олгогч, ажилтны үүрэг, хариуцлага дээшилнэ гэж Засгийн газар үзлээ.

Өмнөх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2012-2016 онд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, мэдээлэл, сурталчилгааны тогтсон арга, хэлбэрийг төлөвшүүлэх, Үндэсний болон салбар хороо, орон нутаг дахь Зөвлөлийн ажлыг идэвхжүүлэх, үйлдвэрлэлийн ослын статистикийн тогтолцоог шинэчлэх зэрэг олон ажил хийжээ.

Энэ хугацаанд үйлдвэрлэлийн 1854 осол бүртгэгдэж, 1948 хүн өртөн 273 нь амь насаа алдсан байна. Өнгөрсөн онд гэхэд л улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 332 тохиолдол бүртгэгджээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2012 онд хөдөлмөр эрхэлж байгаа 10.000 хүнд үйлдвэрлэлийн ослын 3.9 тохиолдол ноогдож байсан бол 2016 онд 2.9 болж буурсан байна.

Нийт ослын 44 хувь буюу 146 нь Улаанбаатар хотод, 21 хувь нь буюу 70 нь төвийн бүсэд, 13 хувь буюу 43 нь хангайн бүсэд, 9 хувь буюу 30 нь баруун, зүүн бүсэд гарчээ.

Техник, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг төсвийн тодотголд тусгана

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд “Газар тариалангийн техникийн шинэчлэлийн төсөл”-ийн явцын талаар сайд П.Сэргэлэн танилцуулав.

ОХУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа энэ төслийн хүрээнд нийлүүлэх 10 сая ам.долларын техник, тоног төхөөрөмжид ногдох гаалийн албан татварыг энэ оны төсвийн тодотголд тусгахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Дээрх төслийн хүрээнд үрлүүр, сийрүүлүүр, үтрэмийн машин, хадлан, тэжээл бэлтгэх техник, үр тарианы комбайн худалдан авч газар тариалан эрхлэгчдэд нийлүүлээд байна. Гэвч энэ хавар, зуны ган, хэт их халалтын улмаас ургац алдаж, төлөвлөсөн буудайн 54, хэрэгцээт гурилын 52, төмсний 74, хүнсний ногооны 45 хувийг хангах урьдчилсан төлөв гарч байдлыг хүндрүүлжээ.

“Газар тариалангийн техникийн шинэчлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлснээр жилд 48 мянган га талбайд уринш боловсруулах, 15.6 мянга га-д үр тариа тариалж 27 мянга гаруй га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураан авах техникийн боломж бүрдэх юм.

Мөн жилд 54.6 мянган тонн үр тариа, 50.4 мянган тонн ногоон тэжээл хураан авч эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхийг зорьж байна.

Монголчууд Аргентинд визгүй зорчино

Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд хилээр орж, гарах болон зорчих, дамжин өнгөрөхдөө нэвтэрсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд визгүй зорчих юм. Нөгөө талын Засгийн газар зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд иргэд нөгөө улсын нутагт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Ойрын өдрүүдэд болох “Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны Дээд хэмжээний уулзалт”-ын үеэр энэ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.

Гадаад харилцааны яам харилцан зорчих асуудлыг зөвхөн дипломат болон албан паспорт эзэмшигчдээр хязгаарладаг байсныг өөрчилж, энгийн паспорт эзэмшигчдээ аль болох түлхүү хамруулахаар бусад улстай хэлэлцээ хийж байна.

Дэлхийн цэргийн спортын холбоо Улаанбаатар хотод аваргаа тодруулна

Ирэх сарын 8-9-нд Улаанбаатар хотод Дэлхийн цэргийн спортын холбооны “Зүүн Азийн орнуудын жудо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн болох гэж байна. Тэмцээний бэлтгэл ажлын талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Энэ удаагийн тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Саудын Араб оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулдаг тэмцээн, уралдаанд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо амжилттай оролцож ирсэн. Тухайлбал, 2015 онд БНСУ-д болсон VI их наадамд манай тамирчид спортын найман төрлөөр оролцон зургаан алт, 12 мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж 117 орноос 16 дугаар байрт шалгарч байсан юм. Мөн онд АНУ-д болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн бол 2016 онд Швейцарь Улсад болсон жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.

Дэлхийн цэргийн спортын холбоо нь 136 орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан улс орны найрамдлыг зузаатгах, энх тайван тогтоох зорилготой “Friendship through Sport” уриан дор ажилладаг байгууллага юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.