Л.Мөнхбаатар 2017.09.04 | Сайт: News.mn

Л.Мөнхбаатар: Засгийн газрыг огцруулах асуудлыг намын бага хурлаар шийдэх ёстой

Л.Мөнхбаатар: Засгийн газрыг огцруулах асуудлыг намын бага хурлаар шийдэх ёстой
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу? Таныг гадагшаа томилолтоор явсан сураг байсан. Хаашаа явж, ямар ажил бүтээв дээ? 

-Хөвсгөл нутгийнхаа цаатан иргэдийн төлөөлөлтэй хамт Швед улсад Дэлхийн цаатны их хуралд оролцоод ирлээ. Хөвсгөл аймаг маань олон үндэстэн ястны өлгий нутаг. Тэдний нэг хэсэг болох өвөрмөц соёл уламжлалтай цаатан иргэдээ дэмжих, тэднийхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. 

-Тэгээд хамтын ажиллагаа хэр бүтэмжтэй байна даа?

-Овоо бүтэмжтэй болох шинжтэй. Дэлхийн цаа буга маллагчдын Холбоо гэх олон улсын байгууллага байдаг. Өнгөрсөн жил энэ Холбоотой манай Хөвсгөл хөгжил сан хамтарч ажиллах тухай Меморандум байгуулсан. Энэ баримт бичгийнхээ хүрээнд хамтын ажиллагаа өрнөж байна. Цаатан иргэдийнхээ амьдрал ахуйг уламжлалт байдлаар нь хадгалахын зэрэгцээ амьжиргааных нь чанарыг нь сайжруулах хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Жишээ нь, манай цаатан оюутнуудыг Норвеги болон Скандинавын орнуудад сургалтын хөтөлбөрт хамруулах талаар ярилцлаа. Зөвшөөрч байна. Гэхдээ дан оюутан залуус гэж явцуурахгүй. Ерөөс нийт цаатан иргэдийн аж ахуй, бизнесийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, саами болон цаатан иргэдийн харилцааг хөгжүүлэх, тэдний соёл, амьдралын уламжлалт хэлбэрийг сурталчлахад чиглэсэн нийтлэл, нэвтрүүлэг хийх зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллахаар болж байгаа. 

-Саами иргэд гэж ямар хүмүүсийг хэлж байна вэ?

-Саами гэдэг нь Норвеги, Швед, Финланд, Орос зэрэг улсын алс хойд хязгаарт тархан суусан жижиг ястан юм. Хойд Европ нутгийн цаатнууд гэсэн үг. Швед улсын Ёокмокк тосгонд дөрвөн жилд нэг удаа дэлхийн цаа буга маллагчид хуран чуулдаг. Энэ онд 6 дахь удаагаа чуулж байгаа юм байна. Бид тэр чуулга уулзалтанд оролцох урилгаар нь яваад ирлээ. Ази, Европ, Америк тивийн 10 гаруй орны 400 гаруй төлөөлөгч оролцсон сонин содон арга хэмжээ болсон. Орон орны цаатан иргэдийн ахуй амьдралд ялгаатай ч юм их байна, нийтлэг зүйл ч цөөнгүй юм. Цаа буга маллагааны арга барил, туршлага солилцох, ховордож байгаа энэ сайхан амьтны үржил селекцийн ажил дээр хамтрах зэрэг чиглэлээр газар газрын хүмүүстэй ярилцлаа. Чуулга уулзалтын хүрээнд Норвегийн цаатнууд амьдардаг Финнмарк мужийн Каутокейно тосгон, манай Хөвсгөл аймгийн Цагааннуур сум ах дүүгийн харилцаатай болж, засаг захиргааны нэгжүүд хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Ер нь үр дүнтэй уулзалт, арга хэмжээнүүд боллоо гэж дүгнэж байгаа.

-Гадаадад явж байх үед чинь манай дотоодод үйл явдал эрчимтэй өрнөж байна. Сүүлийн үед манай улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаарх таны байр суурийг сонсоё. Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь танай намын бүлгийн 31 гишүүн гарын үсэг зурчихаад байна.

-Гадаадаас дөнгөж ирээд байгаа тул улс төрийн нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан мэдээлэлтэй шахуу л байна. Гэхдээ ирэнгүүтээ бүлгийнхээ гишүүдтэй уулзаж санал солилцоод л явна. Улс төрийн хувьд амаргүй нөхцөл байдал үүссэн ч шийдэл, гарцаа зөв олох хэрэгтэй гэж бодож байна. 

-Ямар гарцыг нь зөв гэж та үзэж байна вэ?

-Бид бүгд улс орон, ард иргэдийнхээ ажил амьдрал, эрх ашгийг л юуны түрүүнд бодох ёстой. Манай намын барьдаг үндсэн бодлого, шугам ч энэ мөн. 2016 оны УИХ-ын сонгуулиар ард иргэд манай намыг бүрэн дүүрэн дэмжиж биднийг 65 суудалтай олонхи болгосон. Ийм учраас бидэнд итгэлээ өгсөн ард иргэдийнхээ сонголт, хүлээлтэд нийцүүлэн тэднийхээ төлөө зүтгэж ажиллах үүрэгтэй. 

-Одоогийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүнг та юу гэж үздэг вэ? 

-2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан манай намын Засгийн газар жил гаруй хугацаанд ажиллаж байна. Бодлого шийдвэр, үйл ажиллагааны хувьд алдсан ч бий, оносон ч бий. Би гадаадад томилолтоор явахаасаа өмнө тойргоороо нилээд явж, иргэд сонгогчидтойгоо уулзсан. Шулуухан хэлэхэд одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд миний хувьд ч, иргэд олон нийтийн хувьд ч шүүмжлэлтэй хандах цөөнгүй зүйл байна. Гэхдээ Засгийн газраа огцруулахад ард иргэд тийм ч дуртай биш байдаг. “Засгаа огцрууллаа гээд амьдрал сайжирсныг бид үзсэнгүй” гэж манай сонгогчид ярьж байна билээ. Эцсийн дүндээ ард иргэд маань ажил амьдралаа яаж өөд татах вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулж, үүнийгээ л сонгогдсон бидэнд чухалчлан хэлж сануулдаг. Иймд иргэдийнхээ эрх ашгийг улс төрчид юм юмны эхэнд нь тавьж бодох ёстой. Эндээс л эрх ашгийн эрэмбэ дараалал эхлэх учиртай. Улсын орныхоо нийгэм, эдийн засгийг тогтворжуулах, ард иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулах нь манай намын зорилго. Ардын намынхаа энэ зорилго, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй байна, тэрнийг нь хийх естой. 

-Тэгээд та юу гэж бодож байна? Энэ Засгийн газраа огцруулах хэрэгтэй юу, эсвэл аваад үлдэх нь зөв үү? 

-Үүнийг шийдэхийн тулд сайн ярилцаж, сайтар тунгаах хэрэгтэй. Засгийн газраа огцруулснаар өнөөгийн нөхцөл байдал дээрдэх үү, эсвэл бүр дордох уу? Алдаа мадаг байгаа бол энэ нь хүнээсээ болоод байна уу, бодлого нь буруу байна уу, нөхцөл байдлаасаа шалтгаалаад байна уу гэдгээ ялгаж салгах естой гэж бодож байна. Хүнээсээ болоод байгаа бол хүнээ солих хэрэгтэй. Үүнд бол эргэлзэх юмгүй. Харин бодлого нь буруу гэж байгаа бол Засгийн газрын бодлогыг Улсын Их Хурал баталж өгдөг. Тиймээс дан ганц засгаа буруутгах асуудал биш л дээ. Алдсан бол хамт л алдсан гэсэн үг. Нөхцөл байдал муу байгаа бол тэр нь хүнээс, бодлогоос тэр бүр хамаарахгүй. Тийм бол нөхцөл байдлаа яаж сайжруулах вэ гэдгээ бас л хамтаараа бодох, шийдэх естой. 

-Гэтэл 31 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д нэгэнт өргөн бариад, түүнийг нь өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд эхэлчихлээ шүү дээ?

-Би хуульч хүн. Тиймээс хууль ярих естой. Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 43.4-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалттай. Үндсэн хуульд заасан заалтынхаа дагуу асуудлыг шийдвэрлээд явах байх. Гэхдээ би хуульч байхаасаа гадна улс төрийн намын гишүүн хүн. Улс төрийн бодлого, зарчмаа дагах үүрэгтэй. Тэр талаас нь үзвэл манай намын бүлгийн 65 гишүүн Засгийн газрын хувь заяаг дангаараа шийдвэрлэх эрх мэдэл байхгүй гэж бодож байна. УИХ дахь манай намын бүлгийн 65 гишүүн болон Засгийн газрын тэргүүнийг нэр дэвшүүлсэн нам, Намын бага хурал гэж бий. Манай нам олон мянган гишүүд, дэмжигчидтэй. Тэдний төлөөллийн төв байгууллага нь Бага хурал. Тийм ч учраас УИХ-ын манай намын бүлгийн гишүүд эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө асуудлыг нам дотроо, намын Бага хурлынхаа хүрээнд илэн далангуй ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй юм гэсэн бодолтой байгаа. 

-Намын бага хурал хуралдахгүй гэсэн мэдээлэл өнөөдөр гарсан байсан. Гэтэл бага хурлаараа ЗГ-ын асуудлыг ярилцах ёстой гэж та үзэж байгаа юм уу?

-Тийм. Засгийн газрыг огцруулж болно л доо. Гэхдээ энэ шийдвэрийг тус Засгийн газрыг байгуулахад оролцсон эрх зүйн бүх субъект оролцож байж гаргах естой. Намын бага хурлаас Ерөнхий сайдыг нэр дэвшүүлдэг хуультай, дүрэмтэй. Нэгэнт намын Бага хуралд Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрх нь байгаа бол огцруулах эсэхийг шийдэх эрх нь ч түүнд бас байж таарна. Тийм учраас намын Бага хурлыг хуралдуулж Засгийн газрын асуудлыг олон талаас нь нухацтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай. Манай нам ямарч асуудлыг дотроо ярилцаж шийдвэрлэдэг дүрэм журамтай, уламжлал соёлтой, ёс жудагтай нам. Одоогийн үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх улс төрийн болоод хууль зүйн зөв гарц нь энэ юм гэж надад харагдаж байна. 

СЭТГҮҮЛЧ Т.НАРАН