ОБЕГ-ын дарга Т.Бадрал Франц улсад айлчилж байна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал
2017.09.04

ОБЕГ-ын дарга Т.Бадрал Франц улсад айлчилж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна.

Тус улсад хийж буй айлчлалын гол зорилго нь 2010 онд МУ-ын Онцгой байдлын газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий удирдах газар хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэх, хоёр талын харилцан хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах яриа хэлэлцээрийг хийхэд чиглэгдэж байгаа юм.

Төлөөлөгчид өнөөдөр нисдэг тэрэгнээс эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг Нисгэгч сургалтын Хэли-Юнион төв, аврагч, гал сөнөөгчдийг бэлтгэдэг сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Иргэний аюулгүй байдлын баазтай танилцан үзүүлэх сургуулилтыг үзэж сонирхон туршлага судлах юм.

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий удирдах газрын удирдлагатай уулзан талуудын цаашдын хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээрүүдийг хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.