Гурван сарын аяны хүрээнд иргэдэд газар өмчлөх эрхийг олгоно
2017.09.05

Гурван сарын аяны хүрээнд иргэдэд газар өмчлөх эрхийг олгоно

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа  өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулж байна.

9 сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.

"Нийслэлд 76000 мянган иргэн газраа өмчилж амжаагүй байна"

Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм. Ингэснээр газар дээрээ олон жил амьдарсан ч өмчлөж аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломжтой болж байна.

Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366,   Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн  2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209,   Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна.

Нийслэлийн Газрын албанаас өмчлөгдөх боломжтой гэж үзэж буй 79985 нэгж талбар байна гэсэн судалгааг гаргаад байгаа бөгөөд үүнээс 3442 нэгж талбарыг аяны хүрээнд өмчлүүлэх юм. Цаашид үлдсэн 76543 нэгж талбарыг өмчлөлд хамруулах ажлыг дүүргийн Газрын албатай хамтран 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна