Бат-эрдэнэ.Ж 2017.09.05 | Zaluu.com

Ж.Бат-Эрдэнэ: АН-ын алдааг давтаж байна

Ж.Бат-Эрдэнэ: АН-ын алдааг давтаж байна
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн бариад байна. Энэ нь АН-ын алдааг давтсан үйлдэл боллоо хэмээн ихэд шүүмжлүүлж байгаа. Таны хувьд Засгийн газрыг огцруулахгүй гэсэн байр суурьтай байгаа гишүүний хувьд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?

-Яг АН-ын алдааг давтаж байна. Нам дотроо хоёр хэсэг болчихлоо. Ингэх шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу гэж бодож байна. Ер нь ялсан намын хувьд эрх ашгийн хуваарилалт, намын дотоод асуудал их хийгддэг юм байна. Хамгийн гол нь тодорхой бодлогуудыг зөв зүйтэй явуулахыг хичээх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийсэн бүх ажил биднээр буюу МАН-ын бүлгийн 65 гишүүнээр дамжсан. Тодруулбал, бүх асуудлыг бүлэг дээрээ хэлэлцэн шийдвэрлэж байсан. Хүүхдийн мөнгө өгөх өгөхгүй, 40 хувь болгох болгохгүй гээд бүгдийг нь л бүлэг дээр шийдвэрлэсэн. Эдийн засаг, гадаад нөхцөл байдлаа харж байгаад бүлгийн хурлаар хэлэлцээд л шийдвэр гаргаж, байр сууриа нэгтгэж байсан. Гэтэл одоо хамтдаа гаргаж байсан бүх шийдвэрүүдээ буруу байсан гэж хэдэн хүнд наалдуулж байх шиг байна. Ёстой л тэнд болсон гайг татаж ирлээ гэдэг шиг тэнд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өөрсдөдөө авч ирж наагаад сууж байна. Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаалаа гэдэг шиг л зүйл боллоо.

-Уг нь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Чуулганы хурлаас өмнө эвлэрэх ёстой. Тиймээс МАН-ын бүлгийн хурлаар нэгдсэн байр сууринд хүрнэ” гэж байсан. Үүний дараа МАН-ын бүлэг хоёр өдрийн турш хаалттай хуралдсан. Ямар нэгэн байр сууринд хүрч чадаагүй юу?

-Бүлэг олигтой байр суурин дээр тогтож чадаагүй. Гэхдээ гарын үсэг зураад байгаа гишүүд нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Цагтаа би ч гэсэн жигүүр гээд явж л байсан. Намынхаа шинэчлэл, уламжлал, аархал, шударга ёсыг эрхэмлэсэн жигүүрийн дэд тэргүүний албан тушаалыг хашиж явсан. Энэ үед нэг л гол зарчим баримталдаг байсан нь “Эцсийн эцэст намаа засах гэж байгаад нэр хүндийг нь унагачихвий, нийгэмд байгаа байр суурийг нь хөндчихвий” гэж л бодож зүтгэдэг байлаа. Гэтэл одоо энэ хүмүүс тэр зүйлийг боддог ч юм уу. Мэдэхгүй.

-МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдоод байгаа. Хурлаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадах болов уу?

-Намын Бага хурал болохгүй байх. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг энэ долоо хоногт болох ээлжит бус чуулганаар шийднэ.

-Та УИХ-ын гишүүн болоод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тойрогтоо ямар ажил хийж бүтээсэн бэ?

-Булган аймагт “Чацаргана” төслийг аймгийн Иргэдийн хурлаар батлуулж, мөрийн хөтөлбөрт тусгуулсан. Нэг үгээр хэлбэр, компанит ажил. Бүх сумд оролцсон. Ер нь жимс, жимсгэнэ дээр анхаарлаа хандуулья гэж бодож байна. Учир нь Булган аймаг ямар ч төрлийн жимс ургах боломжтой, жимсний орон. Саяхан Засгийн газраас жимс хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг Булганд түлхүү оруулах нь зөв гэж бодож байгаа. Яваандаа дотоодын зах зээлээ хангах чиглэлээр явна. Нөгөө талаараа гаднаас орж ирж байгаа жимс, жимсгэнэд зохицуулалт хийж өгөх болно.

-Та одоо яг ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль дээр ажиллаж байна. Чуулган эхлэхээр Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Генетик, нөөцийн тухай хууль гэсэн хоёр хууль батлагдана. Үүний мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг ахалж ажиллаж байна. Миний хувьд мал сайн мэддэгтэй биш. Олон жил төрийн ажил хийж байсны хувьд хаана төрийн ажил гацдаг, зогсдог, хаана бидний зохицуулалт үгүйлэгддэг гэдэг өнцгөөс нь харахыг хичээж байна. Ер нь малаа эрүүлжүүлэхгүйгээр гадагшаа мах, мал гаргана гэдэг бол хүнд. Тиймээс эрүүлжүүлэх асуудлыг төрийн бодлого болгож хаана хаанаа хариуцлага үүрч явахгүй бол болохгүй.

-Та  "Шинэ хөдөө" төсөл дээр ажиллаж байгаа гэсэн. Гэхдээ энэ төслийн талаар иргэдийн мэдээлэл бага байна. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Гишүүн болоод жил гаруйн хугацаа боллоо. Та бүхэн санаж байвал УИХ-ын индэр дээрээс жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар ярьсан.  УИХ-ын гишүүд чинь ард түмэн, иргэдийнхээ төлөө л гэж гарч ирсэн. Иргэдийн төлөө юу хийж чадах вэ, тэдний амьдрах боломж тэр тусмаа өрхийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрын бий болгох нь чухал. Үүнийхээ төлөө бид юу хийж чадах вэ гэдэг талаас нь судалгаа хийж аймгуудаар явсан. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймгаар явлаа. Цаашид баруун болон говийн аймгаар явах санаа байна. Гол нь амьжиргааг л дээшлүүлэх зорилготой. "Өрх баян бол иргэн баян" гэсэн ганц л уриаг тавьж байгаа.

Бид их олон жил том, том төсөл ярилаа. Оюутолгой, тавантолгой гэж ярьсан ч өнөөдөр түүнийхээ үр дүнд сайхан амьдраагүй л байна. Тиймээс иргэдийнхээ амьдралд гүн орох хэрэгтэй. Нэг гайхалтай зүйл нь иргэдээс юм хийж, бүтээе гэсэн санал, санаачилга маш их байна. Юм хийе гэхээр дэмжлэг байдаггүй. Зах зээлийг нь хамгаалах хэрэгтэй байна. Үүнд л чиглэсэн зүйлийг дэмжих юм. Энэ маань өөрөө хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ л дэмжинэ. Ийм төсөл бий.

-Мэдээж төсөл өөрөө хэд хэдэн чиглэлтэй байх?

-Тийм. Засгийн газрын хүрээнд сүү, махны аян зарласан. Энэ хүрээнд эхлээд сүүнийхээ үйлдвэрлэлд түлхүү анхаарахаар болсон. Бид 800 сая гаруй литр сүү хэрэглэдэг юм байна. Үүнээс дөнгөж  10 хувийг л ашигладаг. Бусад нь малынхаа дэлэнд явж байдаг. Нийт хэрэгцээний хэрэглэж болох бололцооны 10 хувь, ядаж 40 хувьд нь ороход нийт хэрэглээгээ тодорхой хэмжээнд хангачих тооцоо гарсан. Тиймээс сүүнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлье, сүүний үйлдвэрлэлийг бий болгож болох бүс нутгаа тодорхойлох шаардлагатай. Нөгөө нь махны борлуулалт юм. Мах, малаа борлуулдаг байя. Хамгийн гол нь гадагш мах гаргах шаардлагатай. Жижиг үйлдвэрлэл гэж байна. Борц, мах хатаадаг үйлдвэрлэл байх шиг байна. Эднийг дэмжих нь зөв. Дээр нь ногоо, жимс жимсгэнэ. Энэ бүхнийг дэмжиж ажиллах хэрэгтэй байна.

-Төрөөс яг ямар боломж, бололцоогоор хангаж, дэмжиж өгөх вэ?

-Шууд л мөнгө суулгаж өгнө. Жишээ нь, ногоон дээр ярихад л өргөжүүлж тарих бололцоогоор нь хангая, зээл тусламжийнх нь мөнгийг суулгаж өгье, тодорхой хэмжээнд боловсруулалт, үйлдвэрлэл хийх мөнгийг нь орон нутгийн төсөвт нь суулгаж өгөх юм. Манайх ерөнхий ногоон дээр дотоод хэрэгцээгээ хангачихсан байдаг. Харин нарийн ногооны тодорхой хэмжээг гаднаас оруулж ирдэг байх жишээтэй. Тэгвэл нарийн ногооны гаднаас орж ирж байгаа үнийн зохицуулалтыг нь хийж өгье. Тэгэхээр тодорхой бүсчилсэн нутагт төслөө боловсруулж, нийт ногооныхоо хэрэгцээг гаргах шаардлагатай. Үүнийг тэр хүмүүст төлөвлөгөө болгож өгнө. Танайх тэдий хэмжээний ногоо тарьж, тариалалт хийх ёстой ч гэдэг юм уу. Тэгэхийн тулд тэдий хэмжээний санхүү хэрэгтэй гэдгийг нь тооцож төсөвт нь суулгаж өгнө.

Жишээ нь, сүүнийхээ нийт хэрэгцээгээ тодорхой болгоно. Тэгээд сүүнийхээ бүс нутгийг тодорхойлж, танай аймгаас тэдий хэмжээний сүү боловсруулах чадал байна. Ингэхийн тулд тэдэн үхэр байх ёстой, тэдэн үйлдвэр байх ёстой гэдгийг нь суулгаж өгнө. Ерөөсөө л мөнгөтэй холбоотой асуудал юм. Бид олон жил ярилаа. Одоо бол мөнгө, байршил, төрийн зохицуулалттай л холбоотой асуудлыг шийднэ гэсэн бодолтой л байна.

Ярилцсанд баярлалаа. 

Сэтгүүлч Б.Чимэг