Оюутнуудыг чиглүүлэгч, манлайлагч байхын төлөө чармайн суралцхыг зөвлөлөө
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2017.09.05

Оюутнуудыг чиглүүлэгч, манлайлагч байхын төлөө чармайн суралцхыг зөвлөлөө

Их дээд сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр орон даяар эхэлж байна.

95 жилийн түүхтэй Батлан хамгаалах их сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Б.Батбилэг, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон оюутан залуусын ар гэрийн төлөөлөл оролцлоо. 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ

"Монгол Улсын төр, засгаас Батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, Зэвсэгт хүчний хууль, эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, боловсон хүчний хангалт, цэргийн хэргийн дадлага, чадварыг нэмэгдүүлэх, НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болон улс орныхоо бүтээн байгуулалтад оролцох чадавхийг дээшлүүлэх талаар анхаарч дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл санааны дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин нь шинэ утга агуулгаар хөгжиж, эрх зүйн орчны шинэчлэлийг үе шаттайгаар явуулж ирлээ.

2015 онд УИХ-аар Батлан хамгаалахын бодлогын үндэс баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэн батлагдлаа.

Энэ нь батлан хамгаалах тогтолцоог шинэчилж, Зэвсэгт хүчний хууль эрх зүйн шинэ орчныг төгөлдөржүүлэхэд түлхэц өгсөн томоохон ажил болсон юм.

Шинэчлэн батлагдсан эдгээр багц хуулиар батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа мөн болохыг хуульчлан баталгаажуулсан билээ.

Батлан хамгаалахын шинэчлэн батлагдсан багц хуулиар "Зэвсэгт хүчнийг мэргэжлийн цэрэгт суурилсан байх зарчим"-ыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа гэдгийг онцлоод Монгол улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл хэрэгт манай Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлах үүрэгтэйгээр оролцож, төрийн Батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх үйлсдээ шинэ шинэ амжилтыг гаргасаар байна.

Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцах хугацаандаа цэргийн хэргийн болон иргэний боловсрол эзэмшиж өөрийн мэдлэгийн сангаа баяжуулан мэдээлэл хуримтлуулж, дадлага ур чадвараа ахиулж, бие бялдарын төгс бэлтгэлтэй өндөр ёс суртахуунтай бие хүн болон төлөвшиж, эрдэмтэн багш нарынхаа заасан эрдэм мэдлэгийг эрхэмлэн сурах чиг хандлагыг нэгэн насныхаа утга учир хэмээн гүнзгий ухамсарлан ойлгож суралцах, орчин үеийн зэвсэг, техникийг чадамгай эзэмших, ер нь цаг үетэйгээ нийцсэн бүхий л үйл ажиллагаанд чиглүүлэгч, манлайлагч байхын төлөө чармайн суралцах шаардлагатай хэмээн нийт оюутан сурагч, сонсогч нартаа зөвлөлөө.