2017.09.05

Ботаникийн цэцэрлэгийг соёл амралтын ногоон бүс болгохыг дэмжинэ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ботаникийн цэцэрлэгийн хүрээлэнгийн ажилтай танилцлаа. Тэрээр тус хүрээлэнг нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа идэвхитэй өнгөрүүлж, ургамлын ертөнцийг танин мэдэх, соёл амралтын ногоон бүс болгохын төлөө дэмжин ажиллана гэдгээ хэллээ.

 

Ботаникийн цэцэрлэгт Монгол орны байгалийн ургамлыг хамгаалах хуулийн хавсралтад оруулсан 70 зүйлийн ургамал ургаж буй. Ургамлын зүйлийн хувьд хамаагүй олон, шинжлэх ухааны ач холбогдол өндөртэйгөөрөө Ботаникийн цэцэрлэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ялгардаг.

Гэвч 2013 оны 9 дүгээр сард Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Ботаникийн хүрээлэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Улмаар сургалтын эмнэлэг барих зорилгоор цэцэрлэгийн баруун хойд хэсгийн 10 га газрыг АШУҮИС-д олгожээ. Энэ захирамжаа арваннэгдүгээр сарын 4-нд өөрчилж, найман га болгосон байна. Уг цэцэрлэгт хүрээлэн нь анх 32 га талбайтай байсан бол одоо 24,9 га талбайтай дээр үйл ажиллагаа явуулж байна.