С.Эрдэнэ: Би ардчилсан намын дарга байгаа цагт МАН-тай хамтарсан засгийн газарт хэзээ ч орохгүй
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ
2017.09.05

С.Эрдэнэ: Би ардчилсан намын дарга байгаа цагт МАН-тай хамтарсан засгийн газарт хэзээ ч орохгүй

Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа. 

-МАн доторх тэмцэл засаг унагах асуудлаар үргэлжилж, улс төр сүүлийн үед бужигнаантай байна. Та өмнө энэ асуудлыг АН-д хамаагүй гэж байсан. Харин танай намын улс төрийн зөвлөл “Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргалаа. Яагаад ийм шийдвэрт хүрэв?

-Өнөөдрийн эрх барьж байгаа Засгийн газрын явуулж буй үйл ажиллагаанд АН-ын улстөрийн зөвлөл хуралдаад дүгнэлтээ хийсэн. Өнгөрсөн хугацаанд үүссэн нийгэм, эдийн засаг, улстөрийн нөхцөл байдлыг нь хэлэлцэж, УИХ дахь АН-ын бүлэгт “Засгийн газарт хариуцлага тооцож ажилла” гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу бүлэг хуралдаад Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан. Ямар нэг санал санаачилга гаргасан хүмүүс бүлэгтэй санал нэгдээд байгаа асуудал биш. Бие даасан үнэлэлт дүгнэлт өгч тэрнийхээ дагуу хариуцлага тооцъё гэж байгаа юм.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд өнөөгийн эрх баригчид галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг л ажиллалаа. Өнөөдөр гаргасан шийдвэрээ, маргааш нь өөрчилж байдаг. УИХ, Засгийн газрын нэр хүнд навс уналаа. Монголын хууль гурван хоног гэсэн егөө үг энэ Засгийн газрын үед үнэхээр нотлогдлоо. МАН гарч ирэхдээ дэвшүүлсэн гоё, гоё амлалтууд өгсөн. Гэтэл мөрийн хөтөлбөрөөс нь нийгэмд бодитой, үүнийг л хийсэн шүү гэхээр ямар ч ажил алга. Хүчингүй болгосон, хойшлуулсан, дордуулсан алхмуудыг л хангалттай хийсээр ирлээ. Энэ бол хэт улстөржсөний гай. Ер нь аливаа зүйлд улстөрийн хэм өгсч буурна гэж байдаг. Гэтэл тэдний халууны хэм огт буусангүй. Байнга 40 градустай халуурсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Улс орны хувь заяа, хөгжил, нийгэм эдийн засгийн тулгамдаж байгаа маш олон асуудлууд биднийг хүлээж байна.

Гэтэл тэр бүгдийг хойш тавиад байна. Дээр нь хэвийн явж байсан ажлуудыг хүртэл зориуд санаатайгар зогсоож байна. Аливаа эрсдлийг дандаа АН-д тохох гэж хэт улайрсан улс төрийн хийрхлээс болж өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хүндрэл үүслээ. Монголбанкны ерөнхийлөгч гарч ирж ажлаа авангуутаа валютын нөөц хасахтай байна гээд зарлачихсан. Яг үнэндээ АН энэ Засгийн газарт тэрбум гаруй ам.долларын нөөцтэй улс үлдээсэн. Тэр мөнгийг хааш нь хийчихээд ярьж байгаа юм бэ. Тэр хүний мэдэгдлийн дараа валютын ханш 400 гаруй төгрөгөөр огцом нэмэгдсэн. Оргил үедээ 700 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн.

-Сангийн сайд ч бас цочир мэдэгдэл хийсэн байх аа?

-Тэгсэн. Ажлаа авангуутаа дефольт боллоо гээд зарлачихсан.Эдийн засгийг өсөлттэй хүлээлгэж өгсөн байхад шүү дээ.Манай нам олон сайн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байсныг МАН зогсоосон.Сайн хөтөлбөрүүд бол улс төрийн хувьд оноо авах гэсэн, ашиг хонжоо олох зорилготой байгаагүй.Бие нь муудсан хүнд яагаад дусал хийдэг юм бэ.

Тэр хүний цусаар дамжуулж дутагдаад байгаа тэжээл, эрч хүч өгөхийн тулд л дусал хийдэг биз дээ.Монголчууд нас залуу, цус шингэн гэж ярьдаг даа.Цус шингэн байхаараа л гоё зүс царайтай, өвчин зовлонгүй байдаг.Яг түүнтэй адил аль ч улс орны эдийн засагт гол юм бол ерөөсөө л мөнгөний урсгал.

Мөнгөний урсгалыг нь хумиад, багасгаад эхлэхээр л тухайн эдийн засаг улам өвчлөөд, бүтээн байгуулалт, хөрөнгө орууллат цалин мөнгө нийгмийн амьдрал бүх юм доошоо ордог.Гэтэл эрх баригчид гарч ирэнгүүтээ цусны эргэлтийг нь боочихсон.Бүх сайн хөтөлбөрүүдээ хааж, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг огсонги байдалд оруулсан.Энэ бол зориуд бодлоготой үйлдэл.

-Ямар учраас ийм бодлого хэрэгжүүлсэн гэж?

-Муу эдийн засаг хүлээж авсан гэж харуулахын тулд хэт улайрсан.Улстөрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгч улстөрийн хүчнээ нэгмөсөн байхгүй болгохын тулд хийж байгаа алхам.Бясаагаа алах гээд байшингаа шатаав гэгчээр АН-ыг утсгах гэж зорих замдаа улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүх эрх ашгийг уландаа гишгэсэн.Эдийн засаг хэвийн л явж байсан.Хүнд байсан уу гэвэл хүнд байсан.Гэхдээ нэг цикл байдаг юм.МАН засгийн эрхэнд гараад ирэхээр гадаад зах зээл дээр ашигт малтмал, уул уурхайн бүтэгдэхүүний үнэ өсдөг.АН гараад ирэхээр буурчихдаг.Саяын 2012-2016 онд бууралттай үе таарсан.

Олон улсын зах зээл дээр нүүрс, зэс, алтны бүх үнэ унасан.Гэтэл тэрийг АН унагаагаагүй.Дэлхийн зах зээлийн үнийн цикл л тэгж таарсан хэрэг.Тэрнээс өмнө 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийн хүлээлгэж өгсөн гэж яриад байгаа.Австралид үер болсон.Хятад яг тэр торгон мөчид бүх нүүрсээ манайхаас авч байсан.Ямар өндөр үнээр шахаж байлаа даа.Би нэг л зүйл хэлье.Үнэхээр өндөр өсөлттэй байсан бол яагаад хуримтлал бий болгоогүй юм бэ.Яагаад үр дүнтэй хөрөнгө оруулалт руу хөрөнгөө хийгээгүй юм бэ.Тэр мөнгө хаачсан юм.Үүнийг хэн ч шалгаагүй.

Үнэндээ тэр үед Оюутолгойн гэрээ хийгдсэн.Оюутолгойн гэрээг хийвэл монголчууд долларт живнэ гэж тэр үеийн эдийн засагчид бараг бүгд л тэгж ярьж байсан.Гэтэл тэр сайхан мөрөөдөл нь өнөөдөр хаана байна.Тухайн үед буюу 2009 онд миний бие Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гэж нөхрийг буруу гэрээ хийлээ, Оюутолгойг худалдлаа гэдэг үндэслэлээр огцруулах гэж гурван удаа өргөн барьсан.Харамсалтай нь дийлээгүй л дээ.Энд нэг нууц хэлэхэд үндсэндээ 34 хувийн зургаахан хувийг Монголын Засгийн газар, Монголын ард түмэн эзэмшихээр гэрээ хийчихсэн байсан.

Тэрийг бид ил болгож тавьсны төлөө над руу маш олон хүн дайрсан.Зүгээр л хувь нийлүүлэгчдийн нууц гэрээ хийгээд нууцын тамга дараад, нууцын зэрэглэлд оруулаад, нууцын шкафанд хийчихсэн байсан.Харин тэр үед азаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд байж таарсан.З.Энхболд даргатай ярьж, Байнгын хороо хуралдаж байгаад тэр гэрээг гишүүдэд танилцуулаад нууцлалын зэргээс гаргасан.

Бор зүрхээрээ зүтгээд босгоод ирж болох байсан эдийн засгийг үндсэнд нь дампууруулсан хүмүүс өнөөгийн эрх баригчид өөрсдөө.Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын засгийн газар дангаараа яваагүй.Яг бодит байдал дээр ярья.Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан эвслийн засгийн газарт байсан.Тэр үед өнөөдрийн МАН-ын гишүүн Б.Жавхлан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан.

Өнөөдөр Монголын санхүү, эдийн засгийн бүх мэдээлэл прогнозыг МАН манай намаас илүү мэдэж байсан.2012-2014 онд үндсэндээ Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг Ч.Улаан барьж байсан.Сангийн сайд байсан.Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жил Б.Жавхлан ажилласан.Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн ажилласан.

-Гэхдээ танайх эрх барьж байсан биз дээ?

-Үнэхээр дангаараа өнөөгийн эрх баригчид шиг шууд нэг намын бүлэг дангаараа хуралдаад улстөр, эдийн засаг, нийгмийн тодорхой оновчтой шийдвэр гаргаад явах боломж байгаагүй.Эвслийн Засгийн газрын нэг аюул нь тэнд олонхи нь биш цөөнх ноёлдог.Бүх юмыг нээнтэглэж, барьцаалдаг.

Тэгэхээр өнөөдөр өнгөрсөн жил гаруйн хугацааны нийгэм эдийн засгийн бодит нөхцөл байдал дээр илэн далангүй хэлэхэд үнэхээр хангалтгүй учраас цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэсэн хаана байна.Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэсэн нь ч бүтсэнгүй.Одоо бүр 60 хувьд нь ч олгоно гэснээ өгөхгүй байна шүү дээ.Эрх баригч нам ард түмнийг тэнэг гэж боддог юмуу.Сөрөг хүчнээ басаад байна уу.Энгийн зүйл дээр хүртэл хуурах гэж оролдоод байх юм.

-Тухайлбал?

-Төсвийн орлого анх удаа 500 гаруй тэрбум төгрөгөөр давлаа гэнэ.Яаж ингэж хэлж чадаж байна аа.

2017 оны төсвийн тодотгол хийхдээ орлого орох эх үүсвэр алга гээд орлогоо нэг их наяд гаруй төгрөгөөр хассан шүү дээ.Хасч баталчихаад, эхний хагас жил тодотголоор хассан байсан орлогоос нь 500 гаруй тэрбум төгрөг ороод ирэхгүй юу.Тэгэхээр төлөвлөлт зөв байсан байгаа биз.Үлдсэн хагас жилд дахиад хэд орж ирэхийг бүү мэд.Тэгсэн хэр нь төсвийн орлого анх удаа давж биеллээ гээд байх юм.Угаасаа төсвийн бодит нөхцөл байдлаа зөв үнэлээд 2017 оныхоо төсвийн төсөөллөө хэлэлцээд баталсан.

Тэрийг нь нэг их наяд гаруйгаар боломжгүй гэж хачихаад орлого нь ороод ирэхээр өө энэ чинь давсан орлого, бид мундагтаа давуулчихлаа гэж болохгүй.Давсан орлогоо яаж захиран зарцуулах нь Засгийн газрын эрх гэж зарлаад тэрүүгээрээ тоглоом хийж байна л даа.

Дээр нь ОУВС, УИХ дээр улаан цайм худлаа ярьсан уу яасан, 807 тэрбум төгрөгийн концессийг дандаа сайд нартаа хуваагаад өгчихсөн.Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд “Бид харин ч концессийг шинэ хэлбэрээр хуваарилснаар 50 тэрбум төгрөг хэмнэсэн гэж байгаа юм.Ингэж барим тавим худлаа ярихаа болих хэрэгтэй.Хариуцлагаа шударга хүлээж чаддаг бай л даа.Кабинетийнхаа сайд нарт өчнөөн арван тэрбумаар хуваарилсан нь тэгээд зөв, шударга хэрэг үү.

Энэ нөхцөл байдлуудыг дүгнээд бид УИХ-ын даргад албан шаардлага хүргүүлсэн.Ээлжит бус чуулган хуралдуулъя, Төсвийн хууль зөрчсөн зөрчлүүдийг арилгая, төсвийн тодотголоо хийе гэж.Зуншлага тааруу боллоо.Энэ өвөл юу болох юм бүү мэд.Хатуу өвөл болох төлөв байна.Өвс, тэжээл, хадлан улсын хэмжээнд авч чадсангүй.Авлаа гэхэд 30-40 хувиа хангах төдий юм авах дүр зураг харагдаж байгаа.Хэдэн малаа мах болгоод зоорилох уу.

Энэ бүх асуудлаа шийдэх хэрэгтэй.Импортоор өвс тэжээл авах бол хөрөнгө мөнгө нь хаана байна.Гадаад эдийн засгийн нөхцөл байдал таатай байгаа.Зэсийн үнэ сүүлийн арваад жил хүрээгүй оргилдоо хүрлээ.Нүүрсний ханш маш өндөр байна.Зөв менежмэнт хийвэл гадаад зах зээл дээр манай экспортонд гаргадаг гол бараа бүтээгдэхүүний үнэ өслөө.

Үүнийгээ юу гэж тооцож, яаж харж байгаа юм.Засгийн газар хангалтгүй ажиллалаа, мэрэгжлийн гэх тодотголтой боловч мэргэжлийн бус засгийг бүрдүүллээ.Төрийн албыг арилжаа наймааны хэрэгсэл мэтээр зарж үрсэн байх магадлалтай асуудлууд үүслээ.Гэх мэт маш олон юман дээр асуудал ярьж байгаа учраас энэ Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэсэн шийдвэр гаргасан.

-Эрх баригчдад ийм алдаа дутагдлууд байдаг юм байж.Гэхдээ нөгөө талаас нь харвал У.Хүрэлсүх гэдэг хүнтэй АН-ынхан, Ерөнхийлөгч нь хүртэл уулзаад, Засгийн газрыг унагах гээд улстөр хийгээд, дараагийн сайдад хэнийг томилох уу гээд хүртэл нэрс зоочихсон байсан.Нэр бүхий хүмүүс гарын үсэг зурсан байсан.Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би АН-ын даргын хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье.АН-ын зүгээс ямар нэгэн засгийн үйл ажллагаатай холбоотой огцруулах хариуцлага тооцуулах асуудалд өнөөдрийг хүртэл оролцоогүй явж ирсэн.Сая бол үнэхээр улстөрийн нөхцөл бйдал тулаад ирчихсэн, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах тов зарлагдсан цаг үед л бид Улс төрийнхөө зөвлөлийг хуралдуулж АН-ын бүлэгтээ чиглэл өгсөн.

Бүлэг бол хариуцлага тооцох тал дээр зогсох нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гаргасан.Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийг янз бүрийн байдлаар У.Хүрэлсүхтэй ч байна уу, өөр хэн нэгэнтэй хуйвалдаж, өнөөгийн төр засгийг тогтворгүй байлгахаар ажиллаж байна гэдэг ийм үйлдэл, ямар нэгэн зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Дөрвөн сайдыг АН авах гэж байна гэдэг яриа яагаад гарчихав?

-Гүтгэлэг зохион байгуулж болно.Гэхдээ жаахан үндэслэлтэй, хүн үнэмшихээр юм ярих хэрэгтэй.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Шадар сайд хоёр суугаад л бичиг цаас болох юм гэнэ дээ.Алинд нь ч тийм эрх байхгүй.У.Хүрэлсүх МАН-ыг төлөөлөхгүй, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга АН-ыг төлөөлөхгүй.

-Гэхдээ л хөшигний ард ингэж л хийдэг...

-Дахиад хэлье.АН-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга төлөөлөхгүй.Би төлөөлдөг юм.

-Тэгвэл тантай ярьчихаж болно шүү дээ?

-Би тэгж найраанд ордог хүн биш л дээ.Тав алхахгүй ил тод болох юман дээр нуугаад, худлаа яриад яах юм.Би АН-ын дарга байгаа цагт МАН-тай ямар нэг байдлаар хамтарсан Засгийн газарт хэзээ ч орохгүй.Хатуу хэлье.Энэ бол миний хариуцлагатай үг.Өнөөдөр бид улс төрийн хүчнийхээ хувьд хүчтэй сөрөг хүчин байх байр сууриа барьж байгаа.Түүнээс бид хэн нэгний өвөр хөнжилд орохгүй.

-Хүчтэй сөрөг хүчин байж чадаж байгаа юу?

-Чадна. Хүчгүй байтлаа бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялах уу.Бохир мөнгө, дарангуйллын эсрэг хүчтэй сөрөг хүчин байж чадсан учраас ялсан.

Эрх баригчид одоо УИХ-д 65-уулаа байгаа.Дотроо арван ч Засгийн газар байгуулах огцруулах бүрэн эрх нь тэдэнд бий.Ард түмний асар том итгэлийг авч гарч ирчихээд дотоод асуудлаа шийдэх явцдаа ард түмний эрх ашгийг унагааж хөсөрдүүлж болохгүй.Тэрнээс алга ташаад ура гэж хашгираад байх юм алга.Үнэхээр харицлага тооцох гэж байгаа бол бид хариуцлага тооцох талд зогсонно. Гэдээ аливаа асуудлыг шийдэхдээ улс орныхоо нийтлэг эрх ашгийг бодолцоорой,тооцоорой, зөв шийдвэр гаргаарай л гэсэн. Манай бүлгийн бүх гишүүд ийм байр суурьтай байгаа.

СЭТГҮҮЛЧ М.МӨНХЦЭЦЭГ Эх сурвалж : Өдрийн сонин