Дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцвол 20 мянгаар торгоно
2017.09.05

Дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцвол 20 мянгаар торгоно

Хотын замын хөдөлгөөн түгжрэлийг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хэрэгжиж  хязгаарлалттай бүсэд зорчвол та хуулийн дагуу 8000 төгрөгөөр торгуулдаг байв. Тэгвэл тус журам 7 сарын 1 нээс хэрэгжсэн Зөрчлийн хуулиар тээврийн хэрэгслийн улсын дугаар явдаггүй жолооч нарыг торгох боломжгүй байсан юм.

Иймээс хэрэв та хязгаарлалт бүхий бүсэд дугаар явдаггүй өдөр замын хөдөлгөөнд оролцсон бол Замын цагдаа нарын зүгээс сануулга өгөх байдлаар зохицуулалт хийж байсан юм.

Гэвч "амташсан хэрээ 13 эргэнэ" гэдгийн үлгэрээр жолооч нар хязгаарлалтын бүсээр чөлөөтэй зорчиж эхэлсэн байна. Хуулийн дагуу дүрэм зөрчсөн ч торгууль хүлээхгүй. Иймээс албаныхан энэ асуудлыг эргэн харж, торгуулийн хэмжээг ямар нэг хэмжээгээр байлгахаас өөр сонголтгүй болж байгаа юм.

Нэг үгээр хотын даргын дугаарын хязгаарлалтын захирамж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа цагт, торгуулийн хэмжээг тогтоох сонголтыг жолооч нар өөрсдөө бий болгосон байна.

Тодруулбал, дугаарын хязгаарлалттай өдөр явсан гэж торгохгүй. Харин дугаарын хязгаарлалтын тэмдэг тэмдэглэл байгаа тэрийг зөрчсөн гэж торгох юм. Торгуулийн хэмжээ 20 нэгж буюу 20 000 төгрөг байхаар тогтсон тухай албаныхан мэдээлж байна.