М.Энхболд: Өнөөдөр хэлэлцэх асуудалд гишүүн бүр хариуцлагатай, нухацтай хандах хэрэгтэй
2017.09.06

М.Энхболд: Өнөөдөр хэлэлцэх асуудалд гишүүн бүр хариуцлагатай, нухацтай хандах хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын эрхэм гишүүдээ.

2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн Монгол ардын намд асар их итгэл хүлээлгэсэн. МАН ээлжит сонгуулийн үр дүнд үнэмлэхгүй ялалт байгуулан УИХ-ын  суудлыг авч чадсан. Энэ удаагийн УИХ-ын сонгууль ард түмний итгэл, хүлээлт хоёр дээр суурилсан байсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Сонгуулийн өмнөхөн Монгол улсын эдийн засгийн өсөлт  -1.6 хувьтай, төсвийн алдагдал 1,2 орчим их наяд төгрөгт хүрсэн,  Монгол улс төлбөрийн чадваргүйд тооцогдоход ойрхон байсныг та бүхэн санаж байгаа байхаа.

Өнгөрсөн хугацаанд ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр МУ-ын санхүү эдийн засгийн суурь үзүүлэлт сайжран, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол улсад итгэх итгэл  нэмэгдсэнийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 4 функтээр өссөн байна. Эдийн засаг сэргэх энэхүү байдал нь өөрөө аяандаа бий болоогүй. Энэ бүхэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, төсвийн орлогыг тогтвортой эх үүсвэрийг бий болгож, төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар Та бидний гаргасан бодлогын шийдвэр амжилттай хэрэгжсэний үр дүн юм. 

Эрхэм гишүүдээ.

Энэхүү ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр цуглаад байна.

Сүүлийн өдрүүдэд энэ асуудал нь зөвхөн эрх баригч намын дотоод асуудал биш болон хувирч ард иргэдийг хооронд нь талцсан хуваасан, үл ойлголцсон байдалд хүргэж байгаа нь хэлэх хэрэгтэй. 

Ийм үл ойлголцлыг удаан ажиглан суух, өдөөн турхирах эрх улс төрч бидэнд байх ёсгүй юмаа.

Энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд гишүүн болгон нухацтай, хариуцлагатай хандаж, төр засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж, олон нийтийн хуваагдал үл ойлголцол эцэс болгож,  улс орны өмнө хүлээгдэж байгаа нийгэм, эдийн засгийн илүү чухал асуудалд та бид анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэдгийг хэлж байна.