Ц.Даваасүрэн: Үндсэн хуулиар бол чуулган маргааш хуралдах ёстой
2017.09.06

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулиар бол чуулган маргааш хуралдах ёстой

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн билээ.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлын үнэн зөвийг олж, төрийн тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлсний дараа асуудлыг ярих нь зөв хэмээгээд завсарлага авсан юм.


Чуулган завсарласны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдэл хийлээ. Тэрээр: “Ард түмний хүүхдийг алагчилж үзэлгүй мөнгийг нь өгье гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэж байна. Концесс гэж яриад байгаа.

Өмнөх Засгийн газрын байгуулсан гэрээний нийт өртгийг 50 тэрбум төгрөгөөр хэмнэсэнийн буруу гэж үзэж байна. Хэрэв шаардлагатай бол бид өөрсдийн хийсэн ажлын талаар тайлагнахад бэлэн. Намайг өргөдөл өгсөн гэж яриа гарч байгаа нь худлаа” гэсэн юм.

Харин огцрох бичигт гарын үсэг зурсан гишүүд Ерөнхий сайд болон Шадар сайд нарын маргаан Засгийн газрыг огцруулах асуудалд хамаагүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: “МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Бүлгийнхээ шийдвэрийг зөрчиж байна. Хууль зөрчсөн үйлдлийг даган дуурайх хэрэггүй. УИХ-ын дарга Үндсэн хуулийг зөрчлөө.  

У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын хоорондын маргаан Засгийг огцруулах асуудалд огт хамаагүй. 30 гишүүдийг гүтгэж доромжилж, худалдаж авах ажиллагаа явуулж байна" гэлээ.

Мөн Засгийн газрыг огцруулах бичгийг өгснөөс хойш асуудлыг 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Дэгийн тухай хуулиар энэ 15 хоногт завсарлага авах хугацаа багтсан. Үндсэн хуулиараа бол маргааш хуралдах ёстой гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлсэн юм.