Япон, Монголын чөлөөт худалдааг дэмжих ажил хүнсний салбараас эхэлнэ
2017.09.07

Япон, Монголын чөлөөт худалдааг дэмжих ажил хүнсний салбараас эхэлнэ

УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Япон улсын парламентийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши тэргүүтэй Японы парламентийн төлөөлөгчид манай улсад ажлын айлчлалаар иржээ.

Хоккайда ресторанд болсон уг уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болд оролцсон байна. Япон-Монголын парламентын төлөөлөгчдийн уулзалтаар хоёр улсын хооронд эдийн засгийн чөлөөт худалдааг эхлүүлэх тухай цаашлаад хоёр улсын муж, аймгийн хэмжээнд эдийн засгийн чөлөөт худалдааг байгуулах зэрэг олон чухал асуудлуудыг ярьжээ.

Уулзалтын үеэр хөндөгдсөн нэг чухал асуудал бол эдийн засгийн чөлөөт худалдааг дэмжих тухай асуудал байлаа. Чөлөөт худалдааг дэмжих ажил хоёр орны хүнсний салбараас эхлэхээр боллоо.

Энэ ч утгаар айлчлалын бүрэлдэхүүнд Японы Чиба мужийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл иржээ. Энэ үеэр тэд бүтээгдэхүүнээ сурталчлах амталгааг явуулж Монголчуудад ямар төрлийн хүнс илүү нийцтэй байх талаарх судалгааг хийсэн байна. Мөн үеэр МҮХАҮТ-ын гишүүн импортлогч компаниудын төлөөлөлтэй санал солилцох уулзалт зохион байгуулагдлаа.