Ё.Баатарбилэг 2017.09.07

Ё.Баатарбилэг: Бүх асуудлаа нам, бүлгээрээ шийдэж ирчихээд одоо Засгийн газар руу бурууг чихэж байгаад харамсаж байна

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санал бодлоо илэрхийллээ.

Ё.БААТАРБИЛЭГ: ОГЦРУУЛСНЫ ДАРААХ ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙДАЛ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Төсөв тодотгох, төсөв батлах, өвөлдөө бэлтгэх, өр дарах гээд маш их ажил биднийг хүлээж байна. 2016 оны сонгуульд бид хүүхэд болгонд ялгаварлалгүй мөнгө олгоно гэж амлаж ялалт байгуулсан. Энэ Засгийн газар хүүхэд болгонд ялгаварлалгүй мөнгө олгох болсныхоо төлөө огцрох болсонд харамсалтай байна. Төрийн тогтвортой байдлын талаар бас амлалт өгсөн.

Мэдээж огцруулах санал гаргасан, дэмжиж байгаа нөхдийн сонголтыг дэмжиж байна.  Гагцхүү огцруулсны дараа ямар Засгийн газар байгуулагдах, хэн Ерөнхий сайд болох, одоогийн Засгийн газраас юугаараа илүү байх нь тодорхойгүй болохоор, намын нэгдсэн ойлголтонд хүрээгүй байсан болохоор би энэ саналыг анхнаас нь дэмжээгүй.

Улс орны нийтлэг эрх ашиг, ард түмний ахуй амьдрал сайн сайхны төлөө эдийн засгийн өсөлт, энэ бүх хөгжил дэвшлийн төлөө Ардчилсан намтайгаа нийлж аливаа бодлогын шинж чанартай асуудалд хамтран ажиллах нь бүрэн нээлттэй асуудал. Харамсалтай нь ард түмэн итгэлээ олгоод 65 суудал өгчихөөд байхад эв эеэ хичээж чадалгүй Засгийн газраа огруулах хэмжээнд хүрж байгаад би харамсаж байна.

ОУВС-д хамрагдах, төсөв батлах, Засгийн газар боловсон хүчний томилгоо гээд бүх асуудлаа нам, бүлгээрээ дамжуулж ярьж ирсэн. Өнөөдөр харин намын удирдлага, удирдах зөвлөлийн гишүүд, тодорхой нэр бүхий бүлэг энэ бүх алдаа дутагдлыг Засгийн газар руу чихээд буруутгаж байна.

Ганц, хоёр сарын дараа намын их, бага хурлууд болоод, шинэ удирдлага томилогдож, шинэ Засгийн газраа эмхлээд явах бүрэн боломж байсан ч ийм байдалд хүрж байгаад харамсаж байна.