2017.09.07

Ж.Бат-Эрдэнэ: Энэ Засгийн газар маш хүнд эдийн засгийг хүлээж аваад 5 хувьд хүргэсэн

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал бодлоо илэрхийллээ.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ГАРЧ ИРВЭЛ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ДАХИАД Л ШИНЭЭР ЭХЭЛНЭ

Миний бие огцруулахын эсрэг тогтвортой байлгая гэсэн үзэл баримтлалтай байгаа. Энэ Засгийн газар нэг жилийн хугацаанд ажиллаа. Гайхалтай сайхан ажиллаа гэж магтахгүй. Гэхдээ маш хүнд нөхцөл байдалд энэ улс орны бодлогыг аваад явж байгаа гэдэгтэй санал нэг байна. 0 рүү орсон байсан эдийн засгийн өсөлт 5,3 руу орсон байна.

Ер нь Засгийн газрын бодлого ард иргэд рүүгээ чиглэсэн байх ёстой. Хаа нэг газар зам тавьж, талбай засаж, хүүхдийн тоглоом хийсэн үйлдэл бодлого биш гэдгийг 76 гишүүд анхаарах ёстой. Ард иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ, орлоготой болгоно гэж энэ Засгийн газар гарж ирсэн.

Тогтвортой байна гэдэг нь бодлого нь цаашаагаа хэрэгжээд ард иргэдэд хүрэхийг хэлнэ. Ард иргэдийнхээ амьжиргааны төлөө явна гэсэн бодлогыг эргээд санамаар байна. Сая зунжингаа хөдөөгөөр явахад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ард иргэдийг орлоготой болгох ямар бололцоо байна гээд “Шинэ хөдөө” төслөөр явсан. Энэ талаар би индэр дээрээс жил гаруйн хугацаанд ярьж байна. Хэрвээ дэмжлэг үзүүлж, зээл өгчихвөл хүн болгон үйлдвэрлэл эхлье, бага ч болов амьжиргаа руугаа хандсан аж ахуй эрхлье гэсэн маш том итгэл үнэмшил, хүлээлт байна. Бид үүнийг харж чадахгүй байна.

Арай гэж Хөдөө аж ахуйн сайдад ойлгуулаад, Ерөнхий сайдтай тохиролцоод, Сангийн сайдтай ярьж 2018 оны төсөв дээр тусгуулаад явж байсан. Шинэ Засгийн газар гарж ирэхээр би энэ асуудлаар дахиад л бүтэн жил явах уу?

Тийм болохоор би одоогийн Засгийн газрыг тогтвортой яваасай гэж хүсж байна. Хэрвээ шинэ Засгийн газар гараад, энэ асуудлыг дахиж хойшлуулбал Засгийн газрыг огцруулах бичгийг би барих болно.