Болд.Л 2017.09.12 | Телевиз: МҮОНТВ, Яамны хэвлэл мэдээллийн алба

Монгол, Хоккайдогийн II бизнес форум боллоо

Монгол, Хоккайдогийн II бизнес форум боллоо

“Хоккайдо,Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн санаачилгаар “Монгол, Хоккайдогийн II бизнес форум” өнөөдөр буюу 9 дүгээр сарын 11-ний  өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдав.

Форумыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Ц.Такэбэ, Монгол, Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Болд нар нээж үг хэлэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг

“Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг” нь Хоккайдо дахь Монгол Улсын Өргөмжит консул Ц.Такэбэгийн санаачилгаар хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 2016 онд үүсгэн байгуулагдаж,  энэхүү форумыг Улаанбаатар хотноо 2 жил дараалан амжилттай зохион байгуулж байна.

Форумд Монгол Улсын ГХЯ, Монгол, Хоккайдогийн харилцааг дэмжих нийгэмлэг,  Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Хоккайдо муж болон Саппоро хотын захиргааны төлөөлөгчид, түүнчлэн Монголд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой Хоккайдо мужийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцов.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэмдэглэлт ойн жил, Монгол, Японы бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хоорондын уулзалт, форум тогтмолжиж, хамтын ажиллагааны агуулга, цар хүрээ улам бүр өргөжин тэлж буйг сайшаав. Тэрээр Япон Улс дотроо Монгол Улстай байгаль, цаг уурын хувьд хамгийн төстэй, монголчуудад хэрэгцээтэй технологиор баялаг Хоккайдо мужийг Монгол, Японы Стратегийн түншлэлийг  хөгжүүлэх хоёр ч удаагийн Дунд хугацааны хөтөлбөрт онцолж тусгасан болохыг тэмдэглэв.

Форумын үеэр ГХЯ, МҮХАҮТ, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл тавив.