Бат-Эрдэнэ.Б Оюун-Эрдэнэ.Л 2017.09.14 | Сонин: МОНЦАМЭ, Телевиз: TV5, Телевиз: MNCTV

Цагаан эсгий дээр урласан "Монголын нууц товчоо-"г гиннесийн дээд амжилтанд бүртгүүлнэ

Цагаан эсгий дээр урласан "Монголын нууц товчоо-"г гиннесийн дээд амжилтанд бүртгүүлнэ
Өнөөдөр “Монголын нууц товчоо”-ны зурган өгүүлэмжийг харуулсан 108 метр урт эсгий ширмэлээр урласан дүрслэх урлагийн бүтээлийг Сүхбаатарын талбайд дэлгэн олны хүртээл болгов.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ий уран бүтээлчид эсгий зээгт ширмэлээр Монголын түүх, уран зохиолын гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо”-ны зурган өгүүлэмжийг харуулсан бүтээлийг урласан нь олны анхаарлыг ихэд татаж байлаа.



Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хорооны тэргүүлэгч Д.Нэргүй, гэргий Ж.Нарантуяа нарын санаачилгаар 108 метр эсгий ширмэл бүтээлд "Монголын Нууц Товчоо" түүхэн бүтээлийг зээгт ширмэл оёдлоор урлах ажил өрнөсөн байна.

Уг бүтээлийг Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид 2015 оны 12 дугаар сарын 28-наас 2017 оны 3 дугаар сарын 12 хүртэлх хугацаанд урлан бүтээжээ. Энэхүү гайхамшигтай бүтээлийг урлах явцад 400 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг зааж сургасан байна.

 

Дүрслэх болон эсгий урлагийн хосгүй энэ бүтээлийг урлах үйл ажиллагаанд Монгол орны өнцөг булан бүрээс урчууд, үйлчид ирж учиг нийлүүлсэн төдийгүй ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, БНХАУ-ын Өвөрмонгол, Киргиз зэрэг монгол туургатны урчууд ч урлан бүтээхэд оролцжээ. Дэлхийд гайхагдах энэ бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.

Монгол туургатны уламжлалт гар урлал болох эсгий зээгт ширмэлийн гайхамшгийг хойч үеийнхэнд өвлүүлэхийн зэрэгцээ 13 дугаар зууны үеийн монголчуудын ахуй амьдрал, ёс заншлыг уг бүтээлд урлан гаргажээ. Мөн Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монголчуудын нүүдлийн мал аж ахуй, бөөгийн зан үйл, Монгол уран зураг, монгол дархан, гар урлал, ёс заншлыг дурслэн гаргаж урласан нь энэхүү бүтээлийг давтагдашгүй онцгой бүтээл болгож чаджээ.


Олон хүний гараар бүтээгдсэн "Монголын Нууц Товчоо"-г зургаар дүрсэлж 108 метр цагаан эсгийн дээр урласан зээгт ширмэл бүтээлийг Гиннесийн номд эсгий урлалын хамгийн урт гайхамшигтай дээд амжилтаар бүртгүүлэх юм.