Энхийг сахиулагчид шагнал хүртлээ
2017.09.15

Энхийг сахиулагчид шагнал хүртлээ

Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ.

Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлээд ирсэн цэргийн албан хаагчдад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Батлан хамгаалах яамнаа боллоо.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

НҮБ-аас олгогдсон мандатын дагуу цагийн байдлын хувьсамтгай, тогтворгүй нөхцөлд манай цэргийн баг үүрэг гүйцэтгэх хугацаандаа хэдэн арван мянган дүрвэгчдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг сөргөлдөгч талуудын тэмцэлдээнд үрэгдэхээс найдвартай авран хамгаалахын зэрэгцээ хэд хэдэн удаагийн бодит аюул заналыг шуурхай таслан зогсоож, эрдэнэт хүний амь насыг аварч байсан билээ.

Энэ бүх эерэг үр дүн нь цэргийн багийн захирагчийн оновчтой шийдвэр, штабуудын шуурхай удирдлага зохион байгуулалт, салбаруудын харилцан ажиллагаа, цэргийн алба хаагч нэг бүрийн Монгол Улс, Зэвсэгт хүчнээ гэсэн чин сэтгэл, хичээл зүтгэлийн нийлбэр цогц бөгөөд ажиллагааны газар оронд алхам тутамдаа энэхүү зорилгын төлөө хичээж ажилласан нийт энхийг сахиулагчиддаа хандан Батлан хамгаалахы сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Манай цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт нь дээрхи НҮБ-ын мандаттай ажиллагааны үндсэн зорилго, зорилтыг хангахад онцгой чухал ач холбогдолтой, хүндхэн үүрэг даалгаварууд байсан хэдий ч манай цэргийн алба хаагчид энэ үүргүүдийг амжилттай биелүүлэн өнөөдөр Төр, засгаараа байгуулсан гавьяа зүтгэлээ үнэлүүлэн Төрийн дээд одон, медалиар шагнагдсанд туйлын баяртай байгаагаа илэрхийлж энхийг сахиулагчиддаа дахин дахин баяр хүргэе.

Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд та бүхэн энхийг дэмжих ажиллагааны явцад суралцаж мэдсэн мэдлэг, хуримтлуулсан тэргүүн туршлагаа ажил албандаа нэвтрүүлэн тэргүүн эгнээнд манлайлж оролцоно гэдэгт би итгэлтэй байна.

Энэ дашрамд манай Зэвсэгт хүчний алба хаагчидтай мөр зэрэгцэн даян дэлхийн энхийн төлөө үйл хэрэгт хамтран зүтгэсэн Хилийн цэрэг, Онцгой байдал, Цагдаагийн болон Тагнуулын байгууллагын алба хаагчид та бүхэнд онцгойлон баяр хүргэж, цаашдын ажил албанд нь өндрөөс өндөр амжилтыг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Түүнчлэн цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, ажил мэргэжлийн онцлогийг ямагт ойлгож, цэргийн хөдөлмөрийг өндрөөр үнэлэн шагнаж урамшуулсан явдалд эрхэм хүндэт Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга таниар уламжлуулан Монгол Улсын төр, засагтаа энхийг сахиулагчдынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье" гэлээ.