2017.09.15

Монгол улс “цэвэр агаар амьдралын үндэс” аянд нэгдлээ

Д.Оюунхорол: “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд Монгол улс нэгдсэнээр агаарын бохирдолтой тэмцэж буй бүхий л улс орнуудтай хамтран ажиллах боломжтой боллоо

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын урилгаар 13-14-ны энэ өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм айлчилж байна. Ноён Эрик Солхейм болон түүний багийнхантай БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан яамны төлөөлөл өчигдөр уулзсан юм.

Тэгвэл өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар айлчлалын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооноос хамтран санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд Монгол Улс нэгдэхээр болсныг дуулгалаа. Энэхүү аянд Монгол Улс нэгдсэнээр агаарын бохирдолтой тэмцэж буй бүхий л улс орнуудтай хамтран ажиллах боломж нээгдэх юм.

Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол

“Сүүлийн жилүүдэд хот суурин газарт агаарын бохирдол хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсэн. Энэ асуудлыг цаг алдалгүй, үр дүнтэй шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 3 дугаар сард Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхеймтэй хийсэн уулзалтын үр дүн “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд нэгдэхээр болсныг дуулгахад таатай байна.

Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэх гарц хайж, БОАЖЯ-наас санаачлан төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурласан Ногоон зээлийн сан байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж дуусаад байна. Энэ хүрээнд байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлэхээр зорьж буй эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжүүдийн төсөл хөтөлбөрийг олон улсын томоохон сангуудаас санхүүжүүлэх боломж нээгдэж байгаа. Мөн байгальд ээлтэй технологи хэрэглэх хүсэлтэй иргэдэд ч тус сангаас бага хүүтэй, урт хугацааны зээл олгохоор төлөвлөсө.

Ногоон сангийн эхний шатны санхүүжилтийн цөм 20 сая долларыг  Уур амьсгалын ногоон сангаас гаргаж,  дээр нь  Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны  сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагууд хамтран санхүүжүүлэгчээр оролцож нийтдээ 60 сая долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаад баяртай байна. Энэ бүхэн нь Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн төлөө эхлүүлсэн томоохон ажлуудын илрэл юм” гэв.