Оюун-Эрдэнэ.Л т.бадрал 2017.09.19 | ОБЕГ-ын ХМА

Бэрх тосгонд Гал түймэр, унтраах ангитай боллоо

Бэрх тосгонд Гал түймэр, унтраах ангитай боллоо

Аймгийн төвөөс алслагдсан сум, суурин газарт гал түймэр гарах, болзошгүй аюул, осол тохиолдоход 200-300 км-ийн холоос аврагчид очиж ажиллахад хугацаа алдаснаас гамшиг, осол, аюулт үзэгдлийн нөхцөл байдал хүндрэн хүний амь нас, эд хөрөнгөнд аюул учрах эрсдэл өндөр болдог.

Тэгвэл ой, хээрийн түймэр, үер усны аюул зэрэг аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд нэгэн шинэ гал түймэр унтраах, аврах ангийг байгууллаа.

Засгийн газрын 250-р тогтоолоор байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 42-р ангийн нээлт 2017 оны 09-р сарын 15-ны өдөр боллоо.

Ангийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Дорнод аймаг Зүүн бүсийн төвийн Онцгой байдлын газрын дарга хурандаа А.Гантөмөр, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Т.Энхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Батжаргал, Батноров сум, Бэрх тосгоны удирдлагууд оролцлоо.

Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги нь 58 алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ангийн захирагчаар дэд хурандаа Т.Чулуунбаатар томилогдсон байна.