Энхийг сахиулагч аврагчид хүмүүнлэгийн үйлс санаачилжээ
2017.09.20

Энхийг сахиулагч аврагчид хүмүүнлэгийн үйлс санаачилжээ

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VI мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн Онцгой байдлын алба хаагчид нэгэн хүмүүнлэгийн ажлыг санаачилсан байна.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид хуримтлал үүсгэн Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа, өөрийн гэр оронгүй, түрээсийн байранд амьдардаг гурван алба хаагчид гэр худалдан авч бэлэглэлээ.

Энэ үеэр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн  хөдөлмөрийнхөө үр шимээс хуваалцан мөр зэрэгцэн ажиллаж байгаа журмын нөхдийнхөө нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, хүмүүнлэгийн үйлсийг санаачилж байгаад баяртай байна. Аврагчдынхаа санаачилсан хүмүүнлэгийн энэхүү ажлыг цаашид ч Онцгой байдлын албаны хэмжээнд уламжлал болгон зохион байгуулах болно” гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч П.Гантулга, мөн газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар гал унтраах автомашины жолооч, ахлагч М.Зуунчулуун, Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын  аврагч, ахлагч Д. Отгонбаатар нарт таван ханатай гэр олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.