Чойжилсүрэн.Б Ё.Баатарбилэг 2017.09.20 | Сайт: Vip76.mn

Газрын тос боловсруулах үйлдвэр барина

Шинэ парламент байгуулагдсанаасаа хойш нэг жилийн хугацаанд хоёр удаагийн ээлжит чуулганаар нийт 40 гаруй хуулийг баталжээ. Vip76.mn сайтаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд батлагдсан хуулиудыг цуврал болгон танилцуулж  байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль

Уг хуулийн 2016 оны 6 сарын 27-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн барьж, 2017 оны 5 сарын 31-нд УИХ-аар баталжээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулжээ. Зээлийн хэлэлцээрээр аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж  ахуйн болон бусад садбарын хөгжлийн төслүүдийг дэмжихээр Энэтхэгийн талтай тохиолцсон байна.

Зээл: 1 тэрбум доллар 
Хүү /жилийн/: 1.75%
Зээлийн хугацаа: 20 жил

Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтсон.

Нефтийн үйлдвэр байгуулбал 11 жилийн дотор өөрийнхөө өртгийг бүрэн нөхөөд,цаашид ашигтай ажиллах боломжтой.

Иймээс өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээнд нэмэлт оруулж, хэрэв зээлийн үлдэгдэл хөрөнгө гарвал экспортод чиглэсэн салбарт зарцуулахаар Энэтхэгийн талтай харилцан тохиролцжээ. Одоогоор газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн, эхний ээлжинд зөвлөх комапниа сонгон шалгаруулсны дараа нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулахаар төлөвлөж байна.

УИХ-ын ээлжит чуулганаар буюу хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ийнхүү байр суурьтай байжээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Нэг тэрбум ам.доллар гэдэг их мөнгө учраас бид нийгэм, эдийн засагт үр ашгаа өгөх, эдийн засгийн эргэлтэд хурдан оруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөлд хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэж байж л зээлээ эргэн төлж, ашиг хүртэнэ шүү дээ. Өмнө нь Дорноговь, Өмнөговь аймагт төмөр зам барих нэрийдлээр их хэмжээний мөнгийг үр дүн муутай зарцуулсан. Тиймээс энэ зээлийг нефть боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах нь зүйтэй эсэхийг дахин сайтар нягтлах хэрэгтэй гэж үзэж байна.

Хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 2017 оны 6 сарын 15-нд vip76.mn сайтын редакциас эрхлэн гаргасан УИХ-ын Тайлан сэтгүүлээс хүлээн авна уу.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn