2017.09.20

Малаа эрүүлжүүлснээр мах экспортлох боломж нэмэгдэнэ

2016 оны 12 сарын 26-нд өргөн барьсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Одоо энэ хууль хэлэлцүүлгийн шатанд явж байгаа бөгөөд энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх юм. Малын эрүүл мэнд асуудал хүнсний аюулгүй байдалтай шууд холбогддог учир салбарынхны дунд хүлээлт үүсгээд байна.

Аливаа улс орны мал эмнэлэг нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгтэй тэмцэх, эрүүлжүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах замаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гадаад, дотоод худалдаанд үүссэн хориг саадыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Манай орны хувьд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталж, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулдаг.

Харин 1990 он гарч, зах зээлийн системд шилжсэнээр мал хувийн өмчид шилжиж төрийн зохицуулалт, малчдын хариуцлагын асуудал зайлшгүй гарч иржээ.

Мөн Монгол Улс малын гаралтай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100 хувийн хангаж, үлдсэнийг нь экспортлох бүрэн нөөцтэй боловч малын эрүүл  ахуйн чанар, стандарт нийцдэггүй учир төдийлөн амжилтад хүрдэггүй байна. Тиймээс энэхүү хууль батлагдсанаар мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад үүсэж байгаа хориг саадыг арилгах нөхцөлийг хангах эрх зүйн орчин бүрдэх юм.

Одоо мөрдөж буй хууль нь зөвхөн мал, тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалахад чиглэж байсан бол шинэ хуулийн төслөөр илүү өргөн хүрээг хамарсан, цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, нарийвчилсан зохицуулалтыг оруулжээ.

Нэгдүгээрт 

Мал, амьтны гэж оруулсан нь мал, гэрийн тэжээвэр, зэрлэг амьтны өвчлөлийг тандахад чиглэсэн байна.

Хоёрдугаарт

Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаарлагыг хангуулах бөгөөд энэ нь экспорт болон иргэдийн хэрэгцээг хангахад зориулахаар зохицуулсан.

Гуравдугаарт

Нийтийн эрүүл мэнд буюу мал, амьтнаас хүнд халддаг халдварт өвчлөлийг хянах, түүнчлэн галзуу өвчин, бруцеллёз, боом өвчинтэй тэмцэхэд эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллах зорилтуудыг тусгажээ.

Дөрөвдүгээрт

Худалдааны чөлөөт байдлыг хангах бөгөөд энэ нь мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнийг эмчлэх, түүнийгээ олон улсад баталгаажуулах, улмаар малын махаа экспортлох боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн аж.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл нь мал, амьтны өвчинтэй тэмцэх, мал эмнэлгийн санхүүжилтийг шийдэх зэрэг төр болон малчдын эрх, үүргийг тодорхой зааж өгчээ.

Тухайлбал, зарим төрлийн халдварт болон шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг мал, амьтны эзэн хариуцдаг механизмыг бүрдүүлж, улсын төсвийн ачааллыг багасах юм.

Мөн хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах руу чиглүүлж байгаа юм.

Түүнчлэн зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийг 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухай орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгохоор хуулийн төсөлд тулгажээ.