Энхтүвшин.Ө 2017.09.22

Ө.Энхтүвшин: Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдэж байна

Ө.Энхтүвшин: Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдэж байна

Монгол Улс өнөөдөр нэн эгзэгтэй цаг үеийн өмнө тулж ирлээ. Иргэдийнхээ орлогыг яаж нэмэгдүүлж, ирэх өвөл 80 гаруй сая малаа яаж авч гарах вэ?, том төслүүдээ хэрхэн хөдөлгөж, дутагдах гурилын хэрэгцээгээ хаанаас нөхөх вэ?, хоёрхон сарын дараа төлөх 680 орчим сая долларын гадаад өрөө яаж барагдуулах вэ?, цалин, тэтгэвэр нэмэх шаардлагыг хэрхэн шийдвэрлэх вэ? зэрэг тулгамдсан асуудлууд ар, араасаа хөвөрч байна.

Ийм цаг үед МАН Бага хурлаа хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Манай нам ямагт улс орныхоо нэгдмэл эрх ашгийн төлөө нэгэн зорилго дор нэгдэж чаддаг түүхэн уламжлалаа энэ удаа ч хадгална гэдэгт миний бие эргэлзэхгүй байна.

Гэвч дотоод нөхцөл байдал амаргүй байгаа. МАН өнөөдрийг хүртэл түүхэндээ ингэж тал талд хуваагдан, сөргөлдөж байсангүй. Эрүүл өрсөлдөөн байх ёстой ч, бүлэглэн талцаж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр байр сууриа тулгасан түүх манай намд байхгүй. Цаашид ч байх ёсгүй юм. Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхий сайд аль нэгэн бүлэг, фракцын төлөөлөл байх учиргүй. МАН том нам мөн боловч, ард түмнийхээ дунд бол цөөнх. Иймд Монгол Улс, нийт ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж чадах, тэдний итгэлийг хүлээх нэгнээ Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодруулах учиртайг гүнээ ухамсарлах үүрэгтэй.

Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна.

Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, МАН-ын Удирдах Зөвлөл, Бага Хурлын түвшинд өрсөлдөхөө журмын нөхдөдөө мэдэгдэж байна.

Төр засаг, намын өмнө ийм амаргүй цаг үе тулж ирчихээд байхад, 20 гаруй жил төрд зүтгэж, УИХ-д тавантаа сонгогдож, МАН-ын даргаар ажиллаж байсан миний бие гаднын зочин мэт гар хумхин хөндлөнгөөс хараад суух эрхгүй гэж өөрийгөө хурцаллаа.

Монголын ард түмэн, журмын нөхөд Та бүхэндээ амлаж чадах, надад байгаа баялаг бол худалдагдахгүй зан чанар, хувирахгүй ёс суртахуун, шударга зарчим, төрийн ажлын туршлага, алдаанаасаа суралцсан сургамж ухаарал, энэ бүхнээ нотолж, өнөөдрийг хүртэл явж ирсэн сүүдэргүй зам мөр минь байна.

Улс орны эрх ашиг, зарчмаасаа урвасан, аль нэгэн бүлэглэл фракцын малгай дор багтсан, хууль бус үйлдэлд нэр холбогдсон түүх надад байхгүй ээ. Цаашдаа ч амьдралынхаа үдэлтийн цэгийг хатгах хүртэл энэхүү “баялаг”-аа эрхэмлэн үнэнч явах болно.

Төрийн ажлын туршлагадаа үндэслэн, басхүү ахмад хүний хувьд нэг зүйлийг би шууд хэлье. Бүрэн хүмүүжээгүй, биеэ баттай засаагүй, үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдгийг бид 20 гаруй жилийн туршид хангалттай харлаа, амслаа. Энэ удаа насны үеэр нь бус, уг хүний үйлдэл, зам мөрийг харж сонголт хийх учиртай гэж үзэж байна.

Хамгийн чухал нь голын эх булингаргүй байх ёстой. Харьяалах сонирхлын бүлэггүй, сэвтсэн нэр хаяггүй, зарчимч, шударга нэгнээ онож Ерөнхий сайдаар тодруулах нь ард түмнийхээ төлөө чин шударгаар сайн ажиллах чадварлаг баг бүхий засгийн газрыг байгуулахын эх юм. 2012 оноос хойш Монголын төрийг өмчийг нь идэж, завших гэж дайрдаг атлаа, хэн ч “сав суулгыг нь цэвэрлэх”-ийг хүсдэггүй, яг л “цайны газрын угаалгын өрөө” шиг болгожээ. Хэрэв би Ерөнхий сайдаар томилогдвол Монголын төрийн “гал тогоо”-г цэгцлэх, цэвэрлэх ажлыг эрчимжүүлнэ.

Ард түмэн өнөөдөр шударга ёсоор ангаж, улс төрийн ариун ёс суртахуунаар цангаж байна. ийм үед төрийн зүтгэлтний зүрх нь толгойдоо цохилж байх ёстой.Төрийн албан тушаалтны тархи нь хэтэвчиндээ багтаж, хувийн сонирхолдоо захирагдаж хэрхэвч болохгүй. Хэрэв, би Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдвол, төрийн албаны бүх түвшинд шударга бус бүхнээс ангид байх зарчмыг чанд мөрдөнө. Байгалийн баялгийн ч, улсын төсвийн орлогын ч өрмийг улстөрчид, эдийн засгийн цөөн бүлэглэл олон жил хамлаа. Ард түмнээ харин хусман дээр нь “зодолдуулчихаад” эдийн засгийн өндөр статистик ярьж суух зориг, сэтгэл надад байхгүй. Би Ерөнхий сайдаар томилогдвол, эдийн засгийн эерэг тоо бүрийн хаялгыг айл болгоны хаалгаар оруулж, ажлынхаа үр дүнг иргэдийн халаасанд тэмтрэгдэж буй мөнгөн дүнгээр хэмжүүлдэг Засгийн газар байхын төлөө хичээж ажиллана.

Улс төрчид олон жил ард түмнээ элэг барилаа. Ард түмэн хонины номхон морь, нохойд барьдаг “мод” биш ээ. Одоо ард түмнээ улсынхаа хойморт буюу залах ёстой газар нь залах ёстой. Хэрвээ МаН парламентад 65-уулаа сууж засаглачихаад, ард түмнийхээ магнайг тэнийлгэж чадахгүй бол манай намд 2020 оны сонгуулийн ялалт байхгүй, дөрвөн жилийн дараа тэмдэглэх 100 жилийн ойгоор манай гудамжинд галын наадам болохгүй гэдгийг хатуу ойлгоцгооё. Иймд ээлжилж засаг барьсан МАН, АН нь зоосны хоёр тал, харин ард түмэн нь зоосны ирмэг мэт явсан он жилүүдэд цэг тавьсан Ерөнхий сайд байхын төлөө би зүтгэх болно.

Монголчууд бидэнд өнөөдөр эв нэгдэл, хамтарч бүтээх сэтгэл дутагдаж байна. Олонх нь “хийж, бүтээх” гэдэг, сөрөг хүчин нь “нураадаг, гутаадаг” тайзны улс төр одоо хэрэггүй. ард түмний баялаг, татварын орлогоор хүүдэгнэж тансагласан урт найрыг одоо дуусгая! Бид зарим үйл явдал, зарчмын асуудал дээр тооны олноор хүч түрж ч болохгүй!

Сөрөг хүчний намаас нэр дэвшиж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын мөрийн хөтөлбөр нь манай намынхаас өөр ч улсын эрх ашгийн үүднээс хамтран ажиллах бүх боломжийг хайх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн ажил хуулийн хайрцаг дотор явна. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх мэдэл, үүрэг, харилцааг Үндсэн хуулиар маш тодорхой хуульчилсан. аль нэгэн институц, хэн нэгэн албан тушаалтан нь Үндсэн хуулийн энэхүү алтан хилээс давсан эрх мэдэл эдлэх, давсан харилцаа шаардахыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэн нэгэнтэй тэрсэлдэх, ая тал засах, халаасанд нь явж орох ёс суртахуун надад таарахгүй. УИХ, Ерөнхийлөгч, сөрөг хүчинтэйгээ зөвхөн хуулийн дор ойлголцон ажиллах болно. Зарчим, шударга ёс дээр суурилсан ийм ойлголцол, эв нэгдэл эрх барьж буй МАН-д бүр ч их хэрэгтэй. Би МАН-аа зарим хэвлэлд зориуд бичээд байгаа шиг мафижсан бүлэглэл болсон гэдэгт огт итгэдэггүй. Тийм болох ч бололцоогүй, манайх бол нээлттэй нам. Харин сая Засгийн газрыг огцруулах үеэр хуваагдсан, одоо гүнзгийрэх шинжтэй болоод буй талцлыг нэн даруй зогсоож, урд урдаасаа алхаж маш зөв ойлголцох ёстой. МАН хүчирхэг улстөрийн хүчин байхын үндэс нь, бас үнэт зүйл нь дотоодын эв нэгдэл юм. Бидэнд хуурамч, тунхаглалын шинжтэй бус, зарчим, үнэт зүйл дээр суурилсан амьд бүтээлч эв нэгдэл хэрэгтэй. МАН хэзээ ч байгалийн баялгийг идэж шамшигдуулах гэсэн бүлэглэлийн гар хөл, гэмт үйлдлээ нуун далдах бамбай, хууль бусаар төрийн өндөр албан тушаалд хүрэх гишгүүр, нэгнээ намнах муна болох ёсгүй. Харин ч МаН өнөөдөр засаглаж байгаагийнхаа хувьд төрийн доторхи төр гэдгээ ухамсарлаж, ард түмнийхээ итгэлийг дааж, бүтэн багаараа нэгэн цул болж ажиллах ёстой. Хариуцлагаа ч үүрье. Бороо ороход “хувьтай хүн хур борооноор” гэж өөрсдийн гавьяа мэт сурталчилдаг хэрнээ, ган болохоор “бидэнд хамаагүй” гэж зугтдаг улс төрийн буруу жишгийг халж, ард түмний өгсөн бүрэн эрх мэдэлд бүтэн хариуцлагаа хүлээе!

“Төрийн хэрэг бага ч их, гэрийн хэрэг их ч, бага” гэх мэргэдийн үгийг санаж, гэрийн хэргээ энэ Монголынхоо 3 сая хүний зовлон болгохгүйгээр, их хэрэгтээ санаа тавин зүтгэцгээе!

Эцэст нь “Эрх баригчид завь мэт, харин ард түмэн их мөрөн лугаа” гэх нэгэн их хүний үгийг бас санацгаая. Их мөрөн завийг урсгаж ч, зогсоож ч, бүр хөмөрч ч чаддаг. Их мөрөндөө ихэд хол явах, үгүй нь та биднээс л хамаарна. Өнөөдөртөө бол сонголт их мөрөнд бус, МАН-ын журмын нөхөд та бидний гарт байна. Харин маргаашийн сонголтыг их мөрөн өөрөө хийнэ гэдгийг ямагт санаж явцгаая!

Хүндэтгэсэн: УИХ-ын гишүүн, МАН-ын дарга асан Ө.ЭНХТҮВШИН