Бат-Үүл.Э Баттулга.Д Одонтунгалаг.Ц Тулгат.М 2017.09.22 | Сайт: Vip76.mn

Д.Баттулга: С.Батболд даргаа Та ч бас ажлаа өгөөч

Д.Баттулга: С.Батболд даргаа Та ч бас ажлаа өгөөч
НИТХ-ын хурал

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болж НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн албан тушаалаасаа огцрох хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдааны эрхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргаж, шалтгаанаа танилцуулсан юм.  Түүний хэлсэн үгийг ЭНД дарж үзнэ үү.

Үүний дараа сөрөг хүчний төлөөлөгчид түүнийг огцрох шалтгаанд нилээд шүүмжлэлтэй хандлаа. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга: Ц.Сандуй даргын ажлаа өгч байгаа гол шалтгаан бол 60 тэмбумын асуудал

"Чөлөөлөгдөх шалтгааныг харвал, 7 дүүрэгт ялагдал хүлээсэн учраас улс төрийн хариуцлагаа хүлээгээд ИТХ-ын даргаа ч, Нийслэлийн намын хорооны даргаа ч өгч байна гэсэн зүйл ярьж байна. Нийслэлийн намын хорооны даргын алба яахав тэгээд улс төрийн хариуцлага. Харин 7 дүүрэгт ялагдсан учраас яагаад ИТХ-ын дарга чөлөөлөгдөж байгаа юм бэ?Би ерөөсөө ойлгохгүй юм. Үнэхээр МАН тийм зарчимтай нам юм бол яагаад С.Батболд дарга өргөдлөө өгөхгүй суугаад байгаа юм. Батболд даргаа. Таны 7 дүүрэгт нам чинь ялагдчихлаа шүү дээ. Үүнд би гайхаад байна. Тэгэхээр энэ үндэслэлийг би ерөөсөө гол үндэслэл биш гэж ойлгоод байна. Миний ойлгож байгаагаар Ц.Сандуй даргын ажлаа өгч байгаа гол шалтгаан бол 60 тэмбумын асуудал. 

НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл: Энэ маш ноцтой шүү

"Ц.Сандуй дарга их ноцтой үг хэллээ. Ажлаа өгч байгаа шалтгаандаа "намын маань нөхөд ил, далд интернет  орчноор дайрах, гутаах үйлдэл хийсэн. Үгийн агуулгыг нь сайн бодоод үзвэл энэ дарамтаас болж ажлаа өгч байна гэсэн. Нэг зүйлийг хэлье. АН нийслэлийн шинэ удирдлагын ажилд нэг удаа ч, хумсны төдий ч саад болж байгаагүй шүү. Бид ил, далд юу ч явуулаагүй. Гэхдээ намын нөхдүүд маань ингэсэн гэдгээ хэллээ. Өөрөөр хэлбэл хурлын дарга огцруулж байгаа шалтгаан нь намын нөхдийн дарамтаас болж огцорч байнаа гэдэг энэ үзэгдэл өмнө нь НИТХ-д  гарч байгаагүй. Энэ маш ноцтой шүү.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.Тулгат

"Ц.Сандуй дарга аль хэдийнээ ажлаа өгчихсөн байх учиртай. Би юуг эсэргүүцээд байна вэ гэхээр огцорч байгаа үндэслэл нь маш буруу байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд хариуцлага хүлээж ИТХ-ын даргын албыг хүлээлгэж өгье гэж байна. МАН-ын асуудал энд хамаагүй. Улс төрийн сонгуулийн хариуцлага хүлээх асуудлыг энд ярьж, НИТХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөнө гэдэг томьёоллоор тогтоолын төсөлд санал хураалгах гэж байгааг би эсэргүүцэж байна. НИТХ-ыг нам удирдаад байгаа юм уу" гэв

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг

"Ц.Сандуй дарга 4 жилээрээ удирдаад хариуцлагаа үүрэх ёстой байсан. Намын дотоод асуудлаасаа болж Нийслэлийн 1 сая 300 мянган иргэдийн итгэл хүлээсэн ажлыг хийхээсээ татгалзаж байна гэдэг нь том асуудал.  Төрийн индэр дээрээс намын нөхдийнхөө шахалтаар гарч байна гэж хэллээ. үүнийг тань бүгд сонссон. Тэгэхээр намын дотоод зөрчлөөс болоод НИТХ-ын даргын ажлын өгч байна гэдэг нь үнэн. Гэхдээ үүнийг НИТХ-ын хурал дээр ярьдаг нь маш буруу. Буруу жишиг тогтлоо гэж үзэж байна" гэв

 М.НАРАН