М.Сономпил: М.Энхсайхан дарга Засгийн газарт орж ажиллахыг хүсээгүй
Эрчим хүчний сайд М.Сономпил
2012.08.25

М.Сономпил: М.Энхсайхан дарга Засгийн газарт орж ажиллахыг хүсээгүй

Өнөөдрийн “VIP” зочноор Эрчим хүчний сайд М.Сономпил уригдан, дараах асуултад хариуллаа.
-Эрчим хүчний сайдын албыг авлаа. Ажлаа хаанаас нь эхлэхээр зэхэж байна вэ?

-Хийх ажил маш их байна. Хүйтний улирал хаяанд ирсэн энэ үед цахилгаан станцуудын бэлэн байдлыг хангаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар нэлээд яаравчилж хурдтай ажиллах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр яамныхаа удирдлагуудад чиглэл өгсөн. Засгийн газраар оруулж шийдүүлэх асуудал байгаа. Зарим аймгийн цахилгаан станцын доголдолтой холбоотой хөрөнгө санхүүгийн шийдэх асуудал бий. Энэ мэт ажлуудаас эхэлнэ.

-Эрчим хүчний хэрэглээ жилийн жилд өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хомсдолд орж эхэлсэн. Тав дахь эх үүсвэрийн талаар нэлээд олон жил ярилаа?

-Ер нь манайх чинь эрчим хүчээ 100 хувь хангадаггүй. Хоёр хөршөөсөө эрчим хүчээ импортолдог орон. Таван жилийн дараагаас бол манайх эрчим хүчний хэрэглээгээ дийлэхгүйд хүрнэ. Тийм учраас цахилгааны тав дахь эх үүсвэрийг хийх нь нэн тэргүүний ажил. Манай улс цахилгаан инпортлох бус экспортолдог орон болоход боломж маш их. Үүнийг цахилгааны эх үүсвэр нүүрсээр баталж байгаа юм. Манайх нүүрсний асар их нөөцтэй. Гэтэл бид нүүрсээ түүхийгээр нь ачаад л гаргадаг. Гэтэл үүнийгээ боловсруулаад эрчим хүч гаргаад экспортлох юм бол хэд дахин ашигтай нэмүү өртөг бий болох нь ойлгомжтой. Дотооддоо маш хямд цахилгаан хэрэглэж, гадагшаа валютын эх үүсвэр болдог ийм л салбар байх ёстой.

-Эрчим хүчний салбарт хамгийн эхэнд авч хэлэлцэж шийдэх ямар асуудал байна. Жишээ нь нийслэлд?

-Хамгийн сүүлийн мэдээ авахад Улаанбаатар 6000 орчим айл өрх цахилгаангүй байна. XXI  зуунд лаа бариад нийслэлд амьдарч байна гэдэг бол үнэхээр байж болохгүй зүйл. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд л ажиллах ёстой.

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн дөрвөн сайд нарын хуваарилалтаас болж дотроо хагаралдаантай байгаа гэх боллоо. Энэ үнэн үү?

-Хагаралдаан үүсэх биш. Хоорондын багахан зөрчил үүссэн. Манай МҮАН бол дөрвөн сайдаа хоёр хоёроор авах ёстой гэсэн байр суурьтай байсан. МАХН-ынхан 3/1 харьцааг санал болгосон. Үүн дээрээ нэлээд ярилцаж зөрчилдсөний эцэст 3/1 харьцаагаар сайдын суудлаа хувааж авсан. Түүнээс хүмүүс ярьж байгаа шиг сайдын суудлаа булаацалдаж, зодолдоод муудалцаад байсан юм байхгүй.

-М.Энхсайхан дарга дээрх хуваарилалтаас болж Засгийн газарт орохоос татгалзсан уу?

-Эхлээд М.Энхсайхан даргыг Сангийн сайд болгохоор ярьж байсан. Тооны хувьд  манай нам нэг суудал. Үүн дээр М.Энхсайхан дарга нэлээд бодсон байх. М.Энхсайхан дарга өөрөө Засгийн газарт орж ажиллахыг хүсээгүй.

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн нэгдэж нэг нам байгуулах гэж байгаа гэсэн яриа нэлээд газар авах боллоо. Эрхзүйн хувьд ийм боломж байгаа юу?

-Энэ бол худлаа. Ц.Цолмон гишүүний хувийн бодол санаа байх. Нэг нам болох юм бол “Шударга ёс” эвсэл тарчихна шүү дээ. Сонгуульд нэр дэвшсэн хоёр субьект байгаа. Үүгээрээ УИХ-ын 2012 сонгуульд орсон. Нэг нам болчихоор нэг субьект нь байхгүй болно гэсэн үг. Хуулиараа боломжгүй.

-МАН-ын гишүүд сул гишүүд болчихлоо. МАН-ынхан энэ гацаанаас гарах  болов уу. Та энэ үйл явцад хэрхэн дүгнэлт өгч байна?

-Ер нь хуулийн хүрээнд ажиллах ёстой. Нөгөө л хүн бүрийн яриад байгаа УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулсанаа мэдэгдэх ёстой. Гэтэл МАН-ынхан 20-иод хоногийн дараа бүлэг байгуулснаа мэдэгдсэн. Үүнийг УИХ-ын дарга болон гишүүд хүлээж авахгүй байгаа. Хууль зөрчсөн үйлдэл болно. Хууль зөрчихгүй ажиллах нь чухал л даа. Хуулийн заалтыг өөрчилж байж л МАН-ын гишүүд энэ гацаанаас гарах байх.

-М.Энхсайхан дарга Засгийн газарт орохгүй гэсэн нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байх гэсэн таамаг байна. Та үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байгаа бол Засгийн газрын кабенетад орж олон нийтэд ойр байх байсан болов уу. Тийм зүйл байхгүй.

-Орон нутгийг сонгуулийг ямар системээр явуулбал зүйтэй юм бол?

-Аймаг, сумын Засаг дарга нарыг ард иргэд нь өөрсдөө сонгодог байх хэрэгтэй. Нам эвслийн  бүлгүүд хэлэлцэж байгаад Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгоод нэгдсэн нэг бодлоготой шийдвэр гарах байх.

-Автомат машинаар явах боломж байгаа юу?

-Боломжгүй юм билээ. Автомат машин нь хүрэлцэхгүй юм билээ. Автомат машинаар тоолоод байх шаардлага ч байхгүй. Орон нутгийн сонгууль бол хүн нь цөөхөн шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.