Ш.Раднаасэд 2017.09.25 | Сайт: Vip76.mn

Хууль эрхзүйн томоохон шинэчлэлүүдийг хийжээ

Шинэ парламент байгуулагдсанаасаа хойш нэг жилийн хугацаанд хоёр удаагийн ээлжит чуулганаар нийт 40 гаруй хуулийг баталжээ. Үүнээс Хууль зүйн байнгын хороо нийт 18 хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж, УИХ-аар батлуулсан байна.

Тус байнгын хороог УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд даргалдаг бөгөөд 18 гишүүнтэй. Үүнд, С.Бямбацогт Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан, О.Батнасан, Ц.Нямдорж, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Д.Ганболд, Д.Цогтбаатар, Ц.Гарамжав, Л.Энхболд, С.Эрдэнэ нар ордог.

1. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

2017.01.19-нд баталсан.
2017.01.19-нд хэрэгжиж эхэлсэн.

Хуулийн өөрчлөлтөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заажээ. Нэг үгээр торгох шийтгэлийг хассан.

 

2. АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

2016.11.03-нд батлагдсан.
2016.11.03-нд хэрэгжиж эхэлсэн.

Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг бэхжүүлэх зорилтыг хангажээ

Дэлхийн 4 хүн тутмын 1 нь авлигалд өртдөг.
 

3. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ

2016.12.22-нд батлагдсан.
2017.02.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Тус хуулинд хуулийн хамгаалалтийн хүрээг өргөжүүлэх, хүчирхийллийг зөв тодорхойлох зэрэг заалтууд шинээр оржээ. Мөн “Хамтарсан баг” байгжжлснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хохирогчид хуульд заасан үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллахаар тусгасан.

Хүчирхийлэл үйлдэгчдийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлах, 15-16 цаг албандан сургалтад хамруулна.
 

4. МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

2016.12.28-нд батлагдсан.
2017.02.01-нд хэрэгжиж эхэлсэн.

2002 онд Төрөөс хилийн талаарх баримтлах бодлого, 2010 онд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсан. Тиймээс хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэх үүднээс Монгол Улсын Хилийн тухай хуулийг шинэчлэх найруулсан юм. Мөн улсын хилийн аюулгүй байдлыг хангах, хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтын зохицуулалт боловсронгуй болгох, хил хамгаалалтыг бүсчлэн зохион байгуулах, хилчдийн эрх зүйн байдлыг шинэ шатанд гаргах нь зүйтэй гэж үзжээ.


5. АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬ

2017.01.26-нд батлагдсан.
2017.02.27-нд хэрэгжиж  эхэлсэн.

Монгол Улс Арбитрын тухай хуулийг хэрэгжүүлж ирсэн туршлагатай боловч олон улсын стандартад нийцүүлээгүй учраас НҮБ-ын загвар хуулийг нутагшуулсан орны тоонд багтдаггүй байжээ. Энэ шалтгаанаар гадаадын элемент оролцсон арилжааны хэлцлээс үүссэн маргааныг Монголын арбитраар шийдвэрлүүлэхийг хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрдөггүй учраас хуулийг шинэчлэн найруулжээ.

2016 оны эхний найман сарын байдлаар Монголын Олон улсын болон Үндэсний Арбит 110 маргаан хүлээн авснаас 58-ыг шийдвэрлэсэн.
 

6. ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ

2017.02.09-нд баталсан.
2017.03.02-ноос хэрэгжиж эхэлсэн.

Хууль цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэж, цагдаагийн албан хаагчийн нийгэм, улс төр, хууль зүйн баталгааг хангахын сацуу албан хаагчийн эрх үүргийг нарийвчлан тусгажээ. Мөн Тахарын албаны гүйцэтгэж байсан үүргийг шинэ хуулиар цагдаагийн албан хаагчид гүйцэтгэхээр болжээ.

Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж, нас барсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ар гэрийнхэнд нь нэг удаа олгоно.
 

7. ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

2017.02.09-нд баталсан.
2017.09.02-нд хэрэгжиж эхэлсэн.

Дотоодын цэрэг, түүний үйл ажиллагааг удирдах Засгийн газрын бүрэн эрх, Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, Дотоодын цэргийн бүтэц, удирдлага зэрэг харилцааг тус бүлэгт хамааруулж дотоодын цэргийн командлагч, штабын даргын хэрэгжүүлэх бүрэн эрх, дотоодын цэргийн туг, бэлгэ тэмдэг зэргийг хуульчилж өгсөн.

 

8. “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ХХК, "МОНГОЛРОСЦВЕТМЕТ" ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УИЙХ-ЫН ТОГТООЛ

2017.02.10-нд баталсан.
2017.03.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсантай холбоотой асуудлыг иж бүрэн шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо байгжжлу, гурван сар ажилласны эцэс УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан юм.

Тогтоолоор дөрвөн шийдвэр гаргажээ.

Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгох,

Хоёрдугаарт, Монголын Зэс Корпорацид шилжсэн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчит шилжүүлэх авах асуудлыг яаралтай шийдвэрлэх,

Гуравдугаарт, 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох, хэлцэл хийж төрийн өмчид авах,

Дөрөвдүгээрт, Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр болжээ.

 

9. НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

2017.04.13-нд баталсан.
2017.04.13-нд хэрэгжиж эхэлсэн.

Тус хуулиар Оффшор бүсийг тодорхойлж, төрийн албанд ажиллагсад болон түүний хамаарал бүхий этгээд тус бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолтыг зааж өгчээ.

Нийт 42 орон оффшор бүсэд хамаардаг.
 

10. ЭРҮҮГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

2017.05.11-нд баталсан.
2017.07.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Гэмт хэргийн шинжийг “хэлбэрийн” төдий агуулсан бүхий л үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан нь гэмт хэргийн тоог хиймлээр өсгөх, ялимгүй үйлдлийг ч гэмт хэрэгт тооцон эргүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөлийг үүсгэж байжээ. Тиймээс гэмт хэргийг аюулыг зэргээр үнэлэн нийгэмд аюулгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх зохицуулалтыг тусгажээ.

2016 онд 6566 хүн ял шийтгүүлснээс 5114 хүн хорих ял шийтгүүлжээ.
 

11. ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

2017.05.11-нд баталсан.
2017.07.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Зөрчлийн тухай хуулийг боловсруулахдаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан, зөрчил болон гэмт хэргийн шинжий ялгамжтайгаар тодорхойлсон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулж буй 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэжээ.

Зөрчлийн тухай хуулиар нийт 220 гаруй салбарын зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодоройлсон хэм хэмжээг зохицуулна.
 

12. ПРОКУРОРЫН ТУХАЙ ХУУЛЬ

2017.06.09-нд баталсан.
2017.07.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эрүү, зөрчлийн хууль тогтоомжид нийцүүлэн Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх шаардлага тулгаржээ. Прокурорын чиг үүргийг нарийвчлах, бусад байгууллагатай харилцан уялдаатай ажиллах, албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах, хариуцлагын механикмыг боловсронгуй болгожээ.

Улсын Ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн 6 жилийн хугацаатайгаар томилно.


13. ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬ

2017.06.09-нд баталсан.
2017.07.01-нд хэрэгжиж эхэлсэн.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх Эрүүгийн хуульд ял, шийтгэлийн төрөл, хэлбэрийг шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай хөорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэх, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шийтгэл оногдуулахаар тусгаж, ял, шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэлбэрийг шинээр тодорхйлжээ.

 

14. ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

2017.05.12-нд баталсан.
2017.05.12-нд хэрэгжиж эхэлсэн.

Тус хуулиар Засгийн газраас УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулахад зургаан аргачлал хамаарахгүй байхаар болжээ. Мөн батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд нэг жил тутамд үнэлгээ хийх байсныг таван жил болгон өөрчилсөн байна.

 

15. ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

2017.05.18-нд баталсан.
2017.07.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Хуулийн төслийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны сайн туршлага, олон жилийн практикаар шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэх, бусад орны  эрүүгийн процессын хуулийг судалж дэвшилтэт зохицуулалтыг  харгалзах, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ конвенцийн заалт, НҮБ-аас ирүүлсэн зөвлөмжүүдэд  нийцүүлэх чиглэлээр боловсруулжээ.

 

16. ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

2017.05.18-нд баталсан.
2017.07.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж, тодорхой хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх зорилгоор хуулийг боловсруулжээ.

 

17. СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

2017.02.09-нд баталсан.
2017.03.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Хууль хэрэгжсэнээр эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа согтуу иргэд эмнэлгийн байгууллагын дотоод журмыг ноцтойгоор зөрчих, халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулах, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг эвдэх, бусад үйлчлүүлэгчийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэдний эрхийг зөрчих, эмч, эмнэлгийн ажилтны аюулгүй байдалд эрсдэл учруулах байдал засагджээ.

 

18. ХӨДЛӨН ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ

2017.03.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан.

Эдгээр хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 2017 оны 6 сарын 15-нд vip76.mn сайтын редакциас эрхлэн гаргасан УИХ-ын Тайлан сэтгүүлээс хүлээн авна уу. 

УИХ-ын тайлан сэтгүүл

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn