Тэрбишдагва.Д 2017.09.26

Д.Тэрбишдагва: Германы боловсролын тогтолцоо манай улсад илүү тохирно

Д.Тэрбишдагва: Германы боловсролын тогтолцоо манай улсад илүү тохирно
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдгава өөрийн санаачилсан “Ажилсаг Монгол” хөтөлбөрийнхөө дагуу ХБНГУ-д ажлаад иржээ.

Тэрээр ХБНГУ-ын эдийн засагч, эрдэмтэд, бизнесийн салбарынхан, Элчин сайдын яамныхантай уулзаж монгол залуу боловсон хүчнийг хосолмол мэргэжлээр Германд сургах боломжийг эрэлхийлсэн байна.

Д.Тэрбишдагва: “Өнгөрсөн  хавраас “Ажилсаг Монгол” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Мэргэжилтэй боловсон хүчин, жижиг, дунд үйлдвэрийн эздийг бэлдэх, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагчдын тоог нэмэх шаардлагатай байна. Миний яриад байдаг ажилсаг монгол хүнийг бий болгоё гэвэл онол, дадлагыг хослуулсан мэргэжил эзэмшүүлэх нь маш чухал.

Манай улсын боловсролын систем нь Америк хэв маягийг шүтсэн гэлтэй.  Гэтэл миний бодлоор Америк биш, харин дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдөж, загвар болсон Германы дуэль буюу хосолмол боловсролын тогтолцоо манайд илүү зохицох юм шиг санагддаг.

Энэхүү хосолмол сургалтын талаар нарийн судлаад үзэхээр сургалтын маш олон төрлийн хувилбар ба боломж байдаг юм байна. Үүнээс гол жишээ болгон хэлэхэд мэргэжлийн сургуульд суралцагчид онол үзэхийнхээ зэрэгцээ практик  дээр туршлагажиж, дадлагажна” хэмээн Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагандаа дурджээ.

ХБНГУ-д албан ёсоор 320 гаруй мэргэжлийг хосолмол хэлбэрээр сургадаг аж.

Энэ мэргэжлээр хэрхэн сургах, ямар үр дүн гаргах, хаана ажиллуулах, мэргэжилтэй боловсон хүчнээсээ хэдийг нь цаашид  үргэлжлүүлэн дээд сургуульд сургах вэ гээд нарийн төлөвлөлт, зураглалтай. Хосолмол мэргэжлийн системийг сайн хэрэгжүүлж чадсан учраас тэнд мэргэжлийн өндөр ур чадвартай, техник технологийн хөгжлийг тодорхойлдог шилдэг боловсон хүчний “арми” бүрдүүлж чадсан байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Германы Ерөнхийлөгч ноён Штайнмайер, Берлин хотын Засаг дарга бөгөөд Берлин хотын Ерөнхий сайд ноён Мюллер, Лүнебург хотын захирагч, өөрийнхөө төгссөн Гумбольдын их сургуулийн ерөнхий-лөгч хатагтай Кунст, улстөрчид, Германы нэртэй эдийн засагч про-фессор Зинн зэрэг эдийн засагч, эрдэмтэд, бизнесийн салбарынхан, Элчин сайдын яамныхан гээд 50 гаруй хүнтэй зогсоо зайгүй уулзаж, санал бодлоо солилцсон аж. Тэрээр: “Хосолмол мэргэжлээр залуусыг сургах ажил маань нааштайгаар шийдэгдэж эхлэх байх” гэжээ.