М.Сономпил: Энэ жил цахилгааны үнийг нэмэхгүй
Эрчим хүчний сайд М.Сономпил
2012.09.11

М.Сономпил: Энэ жил цахилгааны үнийг нэмэхгүй

Эрчим хүчний сайд М.Сономпилтэй өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
-Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
-Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай байна. Улаанбаатар хотын хувьд өвөлжилтийн бэлтгэл хангагдах шатандаа орсон. Үндсэндээ хоёр, гуравдугаар цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж ойлгож болно.
Харин өвөлжилтийн бэлтгэл хангагдаж эхлээгүй аймгууд бий. Дулааны цахилгаан станц барих нэрээр тендерт шалгарсан аж ахуйн нэгж, компаниуд  ажлаа чанар муутай, удаан хийж байна. Тухайлбал, Ховд аймагт өнөөдөр дулааны цахилгаан станц барих тендер нь зарлагдсан боловч ажил нь эхлээгүй байх жишээтэй.
-Эрчим хүчний салбар цахилгааны алдагдалтай ажилладгаасаа болж цахилгааны үнийг нэмдэг гэж шүүмжилдэг. Үүнд яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?
-Эрчим хүчний салбар бүхэлдээ алдагдалтай ажилладаг гэж ойлгож болохгүй. Хэрэв зах зээлийн горимд нь шилжүүлбэл цахилгааны үнэ нэг битгий хэл хоёр  дахин нэмэгдэнэ. Үнийн хөөрөгдлийг Засгийн газраас байнга барьж, зохицуулсаар ирсэн.
Өнөөдөр Багануурын нүүрсний уурхайгаас нэг тонн нүүрсийг 18500 төгрөгөөр авдаг. Гадуур шуудай нүүрс ямар үнэтэй байгаа билээ. Энэ байдлыг харгалзан үзэж Засгийн газраас шат шатанд нь үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлдэг. Гэхдээ яамны зүгээс хүндрэлийг тооцоолоод суух биш арилгах талаар анхаарч, мэргэжлийн баг гарган ажиллаж байна. Ийм их алдагдалтай үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн бид иргэдэд хямд үнэтэй цахилгаан өгөхийг зорьж ажиллаж байгаа.
-Тэгэхээр энэ жил цахилгааны үнэд өөрчлөлт орохгүй гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, энэ жил цахилгааны үнийг нэмэхгүй. Бид эхний ээлжинд цахилгаан станциудын дотоод зардлыг бууруулах талаар анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, зардлын менежментийг сайжруулж ажиллах ёстой гэсэн үүрэг даалгаврыг салбарынхандаа өгсөн.
-Тавдугаар цахилгаан станцын шав тавигдсан ч цаасан дээр үлдчихлээ. Барилгын ажлын явц ямар байгаа вэ?
-Станцын шавыг тавьчихсан гэж ярьж байгаа боловч яг үнэндээ тавиагүй юм билээ. Дулааны цахилгаан станц барина гэдэг байшин барихтай адил амархан зүйл биш л дээ. Техник, эдийн засгийн үндэслэлийг нь хоёр жилийн хугацаанд Азийн хөгжлийн банктай хамтарч хийсэн. Дараа нь өнгөрсөн зургадугаар сард сонгон шалгаруулалт явуулсан. Манай Эрчим хүчний яам Төрийн өмчийн хороо болон Хөгжлийн яам хамтарч төсөл хэрэгжүүлэх судалгааг явуулж, техникийн үнэлгээ хийгдэж байна.     
Монгол улсын эдийн засаг жил бүр тэлж байна. Эдийн засаг тэлэхийн хэрээр эрчим хүч дулааны хэрэглээ10 орчим хувиар нэмэгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр манай улс эрчим хүчний дутагдалд орсноос болж дулааны дутагдалд бүрэн орчихлоо. Одоогоор ОХУ, Хятад улсаас цахилгааны эрчим хүч нөхөж авах замаар явж байгаа. Ер нь бид импортын хараат бус экспортолдог орон болохын төлөө зорьж ажиллаж байна.
-Тавдугаар цахилгаан станцын гэрээ хийгдчихвэл хэдий хугацаанд баригдаж дуусах боломжтой вэ?
-Гэрээ нь хийгдчихвэл 3.6 жилийн дотор баригдаж дуусна. Одоогоор гэрээний асуудал яригдаж байна.
-Нүүрс тээвэрлэлтийн асуудлыг яаж зохицуулахаар болсон бэ?
-Нүүрс тээвэрлэлтэд мэдээж хүндрэл тулгарна. Тиймээс төмөр замаа шинэчлэх замаар шийдэх бололцоотой гэж үзэж байгаа. Харин нүүрсний асуудлыг хөндөж ярихад хоёр, гуравдугаар цахилгаан станц их хэмжээний бохир утаа ялгаруулдаг. Дээр нь нүүрс их хэрэглэдэг. Харин тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор хоёр, гуравдугаар цахилгаан станцын үйл ажиллагааг зогсооно.

Гуравдугаар цахилгаан станц 150 мегаватт, хоёрдугаар цахилгаан станц 21 мегаваттын хүчин чадалтай. Тавдугаар цахилгаан станц 450 мегаваттын хүчин чадалтай баригдана. Сүүлийн үеийн технологийг ашиглаж байгаа учраас агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж ойлгож болно. Ер нь нүүрс тээвэрлэлтийг төмөр замаа шинэчлэх замаар шийдвэрлэх боломжтой.
-Тэгэхээр шинээр баригдах тавдугаар цахилгаан станцын хэрэгцээт нүүрсийг тээвэрлэхэд төмөр замын хүчин чадал хүрэлцэж байгаа юу?
-Хэд хоногийн өмнө төмөр замын удирдлагуудтай өөрийн биеэр очиж уулзсан. Нүүрс тээвэрлэх 300 гаруй вагон худалдаж авснаар тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Энэ талаар Ерөнхий сайд болон Сангийн яам, Хөгжлийн яаманд санал оруулна. Тиймээс улсын төсөвт оруулж, асуудлыг заавал шийдвэрлүүлэх шаардлагатай. 300 вагоныг 30-аад сая ам.доллараар авах юм билээ. Үүнийг заавал шийдвэрлүүлэх ёстой.
-Нүүрсээ тээвэрлээд ирдэг. Гэтэл үнсээ буцаагаад тээвэрлэхэд ч зардал яригдана шүү дээ?
-Тодорхой хэмжээний зардал гарна. Сүүлийн үеийн технологийг ашиглаж байгаа болохоор нүүрсний үнс бага гарах нь мэдээж. Одоогоор нүүрсээ буулгасан вагондоо буцааж тээвэрлэх замаар шийдэх төсөл яригдаж байна.
-Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар ямар ажил хийгдэж байна?
-Энэ жилийн хувьд “Ньюком” компанийн 50 мегаваттын сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц ашиглалтад орохоор байгаа. Ер нь энэ чиглэлийн бизнесийг татвараас хөнгөлөх зэргээр төрөөс дэмжиж ажиллана.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.