Байнгын хорооноос гаргасан саналууд "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-т тусгалаа олжээ
Өргөдлийн байнгын хороны дарга Д.Сарангэрэл болон бусад гишүүд
2017.09.27

Байнгын хорооноос гаргасан саналууд "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-т тусгалаа олжээ

Шинэ парламент байгуулагдсанаасаа хойш нэг жилийн хугацаанд хоёр удаагийн ээлжит чуулганаар нийт 40 гаруй хуулийг баталжээ. Харин Өргөдлийн байнгын хороо иргэдийн дунд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэж, Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Тус хороог УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл даргалдаг бөгөөд 18 гишүүнтэй. Үүнд Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Д.Гантулга, Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Л.Энхболд, Г.Солтан, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан багтдаг.

ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИВ

Өргөдийн байнгны хорооны ажлын хэсэг "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байгаа нь

Нийслэлийн 5 дугаар дунд сургуулийн гал тогоо зориулалтын бус бөгөөд халуун хоол үйлдвэрлэх орчин нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ. Тиймээс халуун хоол бэлдэхгүй байх хязгаарлалт тавьсан байна. Үүнд эцэг эхчүүд гомдол гаргаж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандсаны дагуу УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар тус сургуульд ажилласан юм. Шалгалтын дүнд үндэслэн Өргөдлийн байнгын хорооноос тогтоол гарган аймаг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гал тогоог зориулалтын болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлийг Засгийн газарт өгчээ.

АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЛЭЭ

Өргөдийн байнгын хорооны гишүүд хэлэлцүүлгийн үеэр

Өргөдлийн байнгын хорооноос “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэн, саналыг салбар яамд хүргүүлжээ. Тус хэлэлцүүлгээр гарсан санал болох байнгын болон түр ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа ААН-ийг татвар, зээлийн бодлогоор дэмжих, төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусагй зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагын давхардсан хяналт, шалгалт, хүнд суртлыг арилгах болон хөдөлмөрийн биржээр дамжуулан тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацааны цагийн ажилд зуучлах, цагийг хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх зэрэг саналууд нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тусгалаа олжээ.

УТААГ БУУРУУЛАХЫН ТӨЛӨӨ САНААЧИЛГА ГАРГАН АЖИЛЛАВ

"Агаарын бохирдол ба Улаанбаатар утаа" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр

2016.12.26-нд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлийн санаачилгаар “Агаарын бохирдол ба Улаанбаатар утаа” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээс санал, зөвлөмж гарч хязгаарлалтыг бүсийг тодорхойлж, тус бүсийн айл өрхийн шөнийн цахилгааны үнэ тарифыг 100 хувь хөнгөлөх, шугам сүлжээний аюулгүй найдвартай байдлыг хангах заалт оруулсан нь хэрэгжиж эхлээд байна.

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл СӨХ-ны тухай хурал дээр

Өргөдлийн байнгын хороонд 2014-2016 онуудад нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нийт 467 иргэнээс Сууц өмчлөгчдийн холбоо болон СӨХ-ны дээд зөвлөлийн үйл ажиллагаа, төрөөс тавьж буй хяналтыг сайжруулах, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох талаар өргөдлүүд ирсэн байна. Өргөдлийн дагуу 640 орчим СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын дүнд үндэслэн орон сууцны байшингийн дундын өчмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах, орлогын зарцуулалтыг сууц өмчлөгчдөд танилцуулах чиглэл өгчээ.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ГРУПП ТОГТООЛГОХ АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ

Хэлэлцүүлэгт ирсэн иргэд

2016 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээлийн хэлбэрийг нарийвчлан тогтоож байгаа нь сайшаалтай хэдий ч зарим талаараа хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийг орхигдуулсан, хөнгөн хэлбэрийн бэрхшээлүүдийг жагсаалтаас бүрэн хассан тохиолдол нилээдгүй гарчээ.

Тиймээс хэлэлцүүлэг зохион байгуулж, нэг нүд нь харах чадвараа алдсан иргэдийг хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон тэтгэвэрт буцаан оруулах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрч гаргасан саналыг багцлан салбар яаманд хүргүүлсэн юм.

ТУУЛ ГОЛЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ШААРДЛАА

Өргөдлийн байнгын хороны ажлын хэсэг Туул голын дэргэдэх үйлдвэртэй танилцаж байгаа нь

2014-2016 онуудад Өргөдлийн байгын хороонд Туул голын усан дахь бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрч, цэнгэг усны загас жараахай устаж, голын урсац зарим үед тасалдаж байгаа тухай мэдээлэл, өргөдөл гомдол олонтаа ирсэн. Ингээд байнгын хорооноос шийдвэрийн төсөл байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээс үндэслэн Туул голыг хамгаалах тусгай хууль, шийдвэрийн төсөл боловсруулах, ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох, “Туул голын цагдаа” ажиллуулж, туул голыг бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх эрүүгийн болон захиргааны хариуцлагыг чангатгах зэрэг чиглэлүүдийг Засгийн газарт өгчээ.

УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ЭВДЭРСЭН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙГ АНХААРУУЛАВ

Өргөдлийн байнгын хорооны гишүүд уул уурхай үйл ажиллагааны талаарх асуудлыг хэлэлцэж байна

Өргөдлийн байнгын хороонд иргэдээс уул уурхайн үйл ажиллагааны явцад гардаг тэсэлгээий дуу чимээ, тоос шороо нь хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар иргэдээс байнгын өргөдөл ирдэг. Иргэдийн өргөдлийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг холбогдох яамд өгчээ. Тухайлбал, тухайн жилийн нөхөн сэргээлтийг ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд аймаг, сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй байх зохицуулалтыг хуульд тусгахыг тогтоолдоо тусгажээ.