хүрэлсүх 2017.09.29 | Сайт: Vip76.mn

У.Хүрэлсүх: Төрийн хуулийг чанд сахин ажиллана

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.09.29/ У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох тухай хэлэлцлээ.

Хуралд оролцсон 17 гишүүн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжлээ. Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг ирэх Даваа гарагт эхлэх УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.

Хуралдааны эхэнд У.Хүрэлсүх Байнгын хорооны гишүүдэд илтгэлээ танилцуулсан юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ

“Төрийн ажил эмх цэгцтэй, зохион байгуулалттай, хэвийн үргэлжлэх ёстой. Энэ жил өвөлжилт хүндэрч магадгүй. Яамдуудыг татан буулгаж, нийлүүлж, нэгтгэж, тоог нь нэмсэн хассанаар амжилт олвол олохоор цаг хугацаа өнгөрсөн. Цаашдаа Ж.Эрдэнэбатын байгуулсан Засгийн газрын бүтэц цаашдаа хэвийн ажиллах ёстой гэж бодож байна. Аль нэг яам, агентлагийг татан буулгахгүй.Дэд сайд, давхар дээлийн асуудлыг намын болон бүлгийн хурал дээр ярина.”

ӨР ТЭГЛЭХ

“Та бидний хамгийн их тулгамдсан асуудал бол өрийн асуудал. Монгол Улсын Засгийн газрын дотоод болон гадаад өр өнөөдрийн байдлаар 24 их наядад хүрсэн байна. Цаашдаа ч нэмэгдэж магадгүй. Он гарангуут Чингис бондын 500 сая, Дэм самын 161 сая гээд нийтдээ 661 сая ам.долларын өрийг төлөх ёстой. Энэ өрийг шийдвэрлэх асуудлыг Сангийн яам болон холбогдох байгууллагууд хөөцөлдөөд явж байгаа. Энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Хамгийн сайн хариулт бол үнэнийг хэлэх гэж боддог. Төрийн хуулийг завхруулахгүй, төрийн хуулийг давж алхахгүй байх ёстой. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайдын хийх ёстой ажил. Тиймээс гадаад бонд гаргаж энэ өрийн асуудлыг цэгцлэх асуудлыг ярьж байна. Үүнээс өөр арга байхгүй. ОУВС-тай байгуулсан гэрээ цаашид хэвийн үргэлжилж явах нь чухал.”

ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ

“2018 оны төсвийн төслийг харсан. Тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмэх талаар дурдсан байсан. Энэ төслийг цааш нь хэвээр явуулна.”

УУЛ УУРХАЙ

“Байгалийн доорх баялаг бол монголын ард түмний баялаг байх ёстой. Ард түмэндээ хүртээмжтэй, зөв хуваарилалтыг хийж, зөв зохистой хуулийн хүрээнд уул уурхайн салбарыг цааш нь хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ зөвхөн уул уурхайн салбар дээр түвшиглэж амьдрахын зэрэгцээ хос эдийн засагтай байх ёстой гэж бодож байна. Энэ салбарыг би хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй гэж харж байна. Ард түмнээ эрүүл хүнсээр хангах ёстой. Дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ гадаадад экспортоор хүнсээ гаргах бүрэн боломжтой.”