Эрдэнэбат.Ж 2017.09.29 | Сайт: Vip76.mn

Ж.Эрдэнбат: Засгийн газарт ажиллаж байсан аль ч нөхрөө хэний ч өмнө хамгаална

Ж.Эрдэнбат: Засгийн газарт ажиллаж байсан аль ч нөхрөө хэний ч өмнө хамгаална

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тухай хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжлээ.

Энэ зеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Засгийн газрыг огцруулсан үндэслэл бол хулгайч хэдэн сайд нараас болсон" гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Түүнийг үг хэлсэний дараа Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат "Хэрэв хулгай хийсэн гэж үзэж байгаа бол өмнө нь Танай намын засгийн газарт ажиллаж байсан, концесс хариуцсан хүмүүстэйгээ хариуцлага тооцоорой. Би хулгай хийх гэж байсныг нь зогсоосон шүү гээд энэ засгийн газарт ажиллаж байсан аль ч нөхрөө хэний ч өмнө хамгаална" гэсэн юм. Түүний хэлсэн үгийг сийрүүлэн хүргэж байна. 

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат


-Би уг нь асуулт асуухгүй, үг хэлэхгүй гэж бодож суусан юмаа. Батзандан гишүүний хэлсэн үгтэй холбогдуулаад ер нь үг хэлэх ёстой юм байна гэж бодлоо. Батзандан гишүүн бид хоёр өмнө нь 4 жил хамт нэг парламентад суусан, нэг үеийн найз нөхөд л дөө.

Хөмсгөө зангидаад, хоолойгоо шахаад их л зарчимтай зүйл ярьдаг болохоор Би Ж.Батзандан гишүүнийг их зарчимтай хүн дээ гэж боддог юм.

Сая таны хэлж байгаа үгийг сонсоод найзад нь үнэхээр итгэл итгэл алдрахаар зүйлийг ярьж байна.

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг хэрэгт холбогдуулж болохгүй гэдэг таны хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ сая та "хулгайч сайд нар" гээд хэлчихлээ.

Шүүхээр хулгай хийсэн нь тогтоогдсон хүнийг хулгайч гэж хэлдэг байх. Зарчим дээрээ байх ёстой Батзандан гишүүнээ. Концессын 800 тэрбум гээд л яриад байх юм. Энэ чинь 7 концесс байгаа, үүний 5 нь өмнөх Засгийн газрын үед эхэлчихсэн ажил. Өмнөх 4 жилд МАН-ын угшилтай эсвэл энэ намд хамааралтай компани, ААН-ийг дэмжиж болохгүй гэсэн уриатай мэт ажиллаж байсан шүү дээ. Та өөрөө мэдэж байгаа байх. Тэрний нэг нь энэ концессууд байхгүй юу даа. Аль 2013 онд эхэлчихсэн.

Хэрэв хулгай хийсэн гэж үзэж байгаа бол өмнө нь Танай намын засгийн газарт ажиллаж байсан, концесс хариуцсан хүмүүстэйгээ хариуцлага тооцоорой.

Би хулгай хийх гэж байсныг нь зогсоосон шүү. Юмыг бодитоор ярьсан дээр шүү. Би Таныг их зарчимтай хүн гэж боддог. Гэхдээ хүн тууштай, нэг зам дээрээ байх ёстой.Битгий туйлшрамтгай байгаарай гэж хэлмээр байна.

Шинээр томилогдож байгаа Ерөнхий сайддаа амжилт хүсье.

Миний хувьд улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас урагшаагаа хараад ард түмнийхээ аж амьдралыг сайжруулъя, эдийн засгийнхаа нөхцөл байдлыг гэсэн бодлын хүрээнд л Засгийн газраа удирдаж ажилласан. Тийм учраас энэ засгийн газарт ажиллаж байсан аль ч нөхрөө хэний ч өмнө хамгаална гэж бодож байгаа. Би нөхрийнхөө ар нуруу руу хутга шаах хүн биш. Би үүнийгээ УИХ-ын чуулган дээр "хэрэв танхимын маань хэн нэгэн нөхөр минь алдаа гаргасан бол би хариуцлагыг нь хүлээе ээ гэж хэлж байсан. Энэ танхим улс орны тодорхой хүнд байдлыг даваад, ажлаа хийсэн учраас танхимыг бүхлээр нь үлдээчих ээ.Би хариуцлагаа хүлээе" гэж хэлсэн.