Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган эхэллээ
2017.10.02

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган эхэллээ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы ирц 93 хувьтай буюу 71 гишүүн ирсэн байна.

Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрээр эдийн засгийн өсөлт 5,3 хувьд хүрч, инфляци 8 хувьд тогтворжих төлөвтэй байгааг онцлов. Мөн ОУВС-тай хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхээ хэлж, он гараад Чингис, Димсан бондын төлбөрийг төлөх шаардлагатай байгааг санууллаа.

Мөн Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.

Тэрээр: “Энэ удаагийн УИХ-ын намрын ээлжит чуулган нь нийгэм, эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, урьд хожид байгаагүйгээр ажил хэрэгч байх зөв шуурхай шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах учиртай болж байгаагаараа онцлог. Цаг алдалгүй шийдвэрлэх нэн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал юм.

Хэдийгээр 2017 оны эхний хагас жилилйн дүнгээр эдийн засаг 5,3 хувийн өсөлттэй гарах таамаглал байгаа боловч улс орны эдийн засаг, санхүүгийн төлөв муугаар ажиглагдаж байна.

Зөвхөн нүүрсний үнээс үүндсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна. ОУВС-тай хамтарч ажиллах нь энэ цаг үедээ нэмэртэй байж болох ч үүн дээр бид үндэсний онцлогт тохирсон шийдэл, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд бодолцсон заалтуудыг оруулж чадаж байгаа юу гэдгийг бодох хэрэгтэй байна” гэж хэллээ.

амрын чуулганы эхэнд Ерөнхий сайдын томилгоо, 2017 оны төсвийн тодотголын тухай хуулийн төсөл, 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслүүдийг хэлэлцэх юм.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудал:

1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2. Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

5. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;

6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;

11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;

13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15. Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17. Бусад гэсэн асуудлыг багтаажээ.