Эрдэнэ.С Энхтүвшин.Ө Бат-Эрдэнэ.Б Болд.Л Тэрбишдагва.Д Баасанхүү.О хүрэлсүх 2017.10.04 | Сайт: Vip76.mn

Шинэ Ерөнхий сайдыг томилох чуулганы эргэн тойронд

Шинэ Ерөнхий сайдыг томилох чуулганы эргэн тойронд

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган 10:57 цагт эхэлж Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар хэлэлцсэн билээ.

Чуулганд нийт 47 гишүүн буюу ирц 61,8 хувьтай эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байсан МАН бүлгийн 28 гишүүн болон Ардчилсан намын гишүүн Б.Наранхүү нар оролцоогүй.

Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг танилцуулсан.

Тэрээр: “Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, шуурхай, шийдэмгий байж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлуудыг хамтдаа даван туулахын төлөө бодитой хамтран ажиллаж чадна гэдэгт миний бие итгэж байна. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье” гэж хэллээ.


Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Н.Энхболд уншиж танилцуулсан. Тус хорооноос У.Хүрэлсүхийг 100 хувиар Ерөнхий сайдад томилохоор санал нэгдсэн билээ.


Ингээд УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асуусан. Гишүүд уул уурхайн асуудлыг цэгцлэх, багшийн цалинг нэмж, хүүхдийн мөнгийг ялгаваргүй тараах шаардлагатай талаар санал нэгтэй дугарч байлаа.

Харин Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх ОУВС-тай тохирсон тохиролцоог сануулж, эдийн засгийн бололцоогоо харгалзаж үзсэний үндсэнд багш, эмч нарын цалинг шат дараалалтай нэмэх эсэхийг шийднэ гэж хэлсэн юм. Харин яамдын тоог нэмэхгүй, хасахгүй. Өвөлжилтийн асуудал хаяанд ирсэн учраас төрийн ажлыг тогтвортой байлгах нь чухал. Харин монгол төрийн хууль зөрчсөн, ажлаа хийж чаддаггүй, хариуцлага алдсан төрийн албан хаагч нарын толгойг илэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

АН БҮЛЭГ: МОНГОЛ УЛС ХЭДИЙ БОЛТОЛ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗЭЭЛ ТУСЛАМЖИЙГ ШҮТЭЖ АМЬДРАХ ВЭ?

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан намын бүлгээс Оюутолгой зэрэг том төслүүдийг хөдөлгөх, хүүхдийн мөнгийг бүрэн олгох тал дээр гол анхаарлаа хандуулж ажиллах ёстойг анхааруулж байсан юм. Мөн тагнаж, чагнасан гэх асуудлыг нэг тийш нь болгож, ард түмний эргэлзээг арилгах ёстойг УИХ-ын гишүүн Л.Болд санууллаа.


МАН БҮЛЭГ: УУЛ УУРХАЙН АСУУДЛЫГ ЦЭГЦЭНД НЬ ОРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЮУ ХИЙХ ВЭ?

Харин МАН-ын бүлгээс уул уурхайн асуудлыг цэгцэнд нь оруулж, ОУВС-тай хамтарсан хөтөлбөрөө үргэлжлүүлэн үлдсэн гурван жилийн хугацаанд эдийн засгаа сэргээх тал дээр чиглэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүлээж авснаасаа илүү үзүүлэлт сайтай эдийн засаг хүлээлгэж өгч байгааг онцолсон.


ДАВХАР ДЭЭЛИЙГ ХАЛАХ УУ?

Ард түмний дунд хамгийн их асуулт үүсгэж байгаа зүйл бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүн. Өмнөх Засгийн газартай адил парламентаас сайд нарыг томилж, давхар дээлтэй гишүүдийн тоог нэмэх эсэхэд УИХ-ын гишүүд ч мөн байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өмнө нь сайд хийж байсан хүнийг дахин сайдаар томилох шаардлагагүй. Мөн дэд сайдын орон тоог халж, хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай гэсэн санал гаргасан. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ард түмэн илтэд дургүйцэж байхад давхар дээлийг нэмэх нь зөв сонголт биш гэсэн юм.


Харин Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх шинэ Засгийн газар УИХ-аас бүрдэхийг үгүйсгэхгүй гэсэн юм. Тэрээр: “Шинээр байгуулах Засгийн газар маань бядтай байгаасай гэж хүсч байна. Асуудлаа шийдэрлэж чаддаг, Ерөнхийлөгч, УИХ-д асуудлаа танилцуулж чаддаг, шийдүүлж чаддаг, хамтран ажиллах чадамжтай тийм хүмүүс ажиллаасай гэж хүсч байна. Тиймээс манай Засгийн газар парламентын Засгийн газар байх болов уу” гэж хариуллаа. 


100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилов

Тамгаа гардан авав

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураасан. Санал хураалтад 47 гишүүн 100 хувиар санал нэгдэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо.

Санал хураалтын дараа шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавьсан.

Тэрээр: “Эдийн засгийн хямрал, энэ том сорилтуудыг даван туулахын тулд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа манай Засгийн газар гар, сэтгэл нийлэн зүтгэх болно. Бидний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэсэн юм.



 Ө.ЭНХТҮВШИН: ЕРӨНХИЙ САЙД ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

УИХ-ын чуулганд оролцоогүй гишүүд

 Харин чуулганд оролцоогүй, өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулахад гарын үсэг зураагүй зарим гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ардчилсан намын гишүүдтэй нийлж өмнөх Засгийн газрыг огцруулсан. МАН бүлгийн дотоод асуудлаа шийдэж, эв нэгдлийг хангаагүй гэж үзэж  байгаа юм.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn