Энх-Амгалан.Л 2017.10.05 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Төсвийн алдагдалд бид цочроогүй болсон байна

Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа.

Л.ЭНХ-АМГАЛАН: ИРЭХ ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЯМАР БОДИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Нэгдүгээрт,

Төсвийн алдагдалд бид бүр цочроо гарсан юм шиг байна. Төсвийн алдагдал 2 их наяд гарсан байна. ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах реформ хийх зайлшгүй шаадлага байгаа. Бид төсөл хэлэлцэж байгаа асуудалд бол макро эдийн засгийн тоонуудыг баталсан болоод орхих хандлагатай байна.  Ирэх хоёр жилийн хугацаанд төсвийн алдагдлыг бууруулах хамгийн бодитой арга хэмжээ нь юу байна вэ? Яг ямар тоогоор буурах вэ? 2 тэрбумын төсвийн алдагдалтай гэдэг нь бид бүс нутгийнхаа хэмжээнд хамгийн их алдагдалтай улс орон болж байна. Энэ нь улс орны зээлжих зэрэглэлд нөлөөлдөг. Гаднаас зээл авахад төрийн болон хувийн хэвшлийн компаниудад маш өндөр хүүтэй зээл л олддог. Эргээд зээлийнхээ дарамтанд ордог. Энэ асуудлаас бид хэзээ гарах вэ? Бодлогын ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?

Хоёрдугаарт,

2017 оны улсын төсвийн төслөөс гадаадын зээлийн хүүгийн төлбөрт хэдэн тэрбум төгрөг төлж байна вэ? 2018, 2019 онд зээлийн хүүгийн төлбөрт ямар хэмжээний зардлууд гарч байна вэ?

Гуравдугаарт,

ОУВС-гийн хөтөлбөртэй тохирч байгаа энэ арга хэмжээнүүдээс яг юу нь хэрэгжсэн бэ? Юу нь ямар хүндрэлээс шалтгаалаад хэрэгжихгүй байна?

Дөрөвдүгээрт,

УИХ дээр батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр” бараг гурван жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн жил бид дахиад л шинэчилж баталсан. Огт хэрэгждэггүй хөтөлбөр байна. Яагаад хэрэгжихгүй байна?

Тавдугаарт,

Нийгмийн зөвшилцөл гэж МҮЭХ-той гурван талт хэлэлцээр хийсэн. НББСШУ-ны байнгын хорооны даргын хувьд багш, эмч нартай уулзсан. Бид төсөв хүндрэлтэй байна гэдэг ганцхан тайлбар яриад суух нь зохисгүй. Цалинг нэмэх боломжууд байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангаас шийдвэрлэх боломжтой. Эмнэлгийн тарифыг өндөр болговол байгууллага нь өөрөө зохицуулалт хийх боломжтой. Багш нарын зэрэглэлийн мөнгийг дотор нь зохицуулах боломж бас байгаа юм байна. Гэтэл яагаад арга хэмжээ авахгүй, гурван талын зөвшилцлийг зогсоогоод, ийм хэмжээнд хүргэсэн юм бэ?

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛЭЭС ГАРАХ ХАМГИЙН ЧУХАЛ АРГА ХЭМЖЭЭ БОЛ ЭКСПОРТЫГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ

Төсвийн алдагдлыг огцом бууруулахын тулд орлогоо нэмэгдүүлэх эсвэл зарлагаа бууруулах арга хэмжээ авах л боломжтой. Олон шийдэл дундаас явж байгаад ОУВС-тай хөтөлбөр тохирох үед 2017 оны төсвийн алдагдлыг 9,9 хувь, 2018 оныхыг 8,6 хувь болгож аажмаар бууруулах тохиролцоонд хүрсэн.

ОУВС-тай тохиросон тохиролцоонуудаа цаг хугацаанд нь бүрэн биелүүлээд явсан. Сая 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 3-ны өдөр ОУВС-гийн хэсэг эхний үнэлгээг хийхээр ирээд, амжилттай хэрэгжиж байна гэсэн үнэлгээ өгөөд явсан.

Эдийн засгийн хүндрэлүүдийн хувьд манай бүх макро эдийн засаг алдагдсан. Төлбөрийн тэнцлийн дарамттай байна. Төсвийн тэнцлийн хос алдагдал байна. Эдгээр алдагдлуудыг ойрын хугацаанд шийдэхийн тулд хийх хамгийн том арга хэмжээ бол өнөө маргаашдаа Засгийн газраас экспортыг огцом нэмэгдүүлэх шаардлагатай.

Экспортод чирэгдсэн эдийн засгийн өсөлттэй байвал өрийн дарамтанд орохгүй байх онолын боломж байгаа учраас экспортыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар боломжит бүх арга замыг авч ажиллаж байгаа.

Хүүгийн төлбөрийн талаар манай ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор манай гадаад болон дотоод зээлийн хүү буурч эхэлсэн. Нэг жилийн дотор Засгийн газрын үнэт цаасны хүү 5 хувиар буурч жилийн 12 хувьтай болсон.

Ний нуугүй шулуухан хэлэхэд 2017, 2018 онд цалинг нэмэгдүүлэхгүй байхаар ОУВС-тай тохирсон. Харин 2019 оноос үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар тооцоолж байгаа.

А.ЦОГЦЭЦЭГ: ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 30 ХУВЬ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ЖИЛД 54,3 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Бид тооцоо гаргаж үзэхэд эмнэлгийн ажилчдын цалинг 30 орчим хувь нэмэхэд жилдээ 54,3 тэрбум төгрөг гарна. Бидний хоёр том санхүүжилтийн эх үүсвэр бол эрүүл мэндийн даатгалын сан, улсын төсөв хоёр. Энэ хоёрын аль нэгээс бүрдүүлээд 54,3 тэрбум төгрөгийг гаргах боломж байгаа.

Нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа өвчтөнийг оношийн бүлгээр нь ялгах боломжтой. Тухайн өвчтөнөөс орсон орлогын тодорхой хэмжээг эмчлэгч эмчид нь оногдуулж болно. Өөрөөр хэлбэл урамшуулал болгож олгох гарц бүрэн байгаа.

Хоёрдугаарт, улсын төсөв дээрээ жилдээ 54 тэрбум төгрөг оруулбал үндсэн цалинг нь 30 хувь нэмэх гаргалгаа ч байна.

Хүндрэлтэй асуудал нь цалин урамшууллыг нэмэхгүй гэж тохирсон.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn