Ганбаатар.Ж 2017.10.05 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатар: Монгол Улсын татварын хэмжээг өндөр хөгжилтэй орнуудынхтай харьцуулах нь солиорол

Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа.

Ж.ГАНБААТАР: ТӨСВИЙН ОРЛОГЫГ ЯМАР САЛБАР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ДУТААСАН БЭ?

Төсвийн орлого давсан нь 40 хувь нь үнийн өсөлттэй, 60 хувь нь аж, ахуй эрхлэгч нарын хүч хөдөлмөрийн үр шим гэж ойлгож байна. Энэ хүмүүс хөдөлмөрлөж байж л өнөөдөр маргаан болоод байгаа 900 тэрбумын асуудлыг бид ярьж сууж байна. Цаашид энэ мөнгийг маш их болгохын төлөө бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой гэж ойлгож байгаа.

Төсвийн орлогыг маш их хэмжээгээр дутаасан ямар салбарууд байна? Аль ч төсвийг сонсож байхад энэ талаар огт ярьдаггүй.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудалд хэдэн төгрөг тусгасан аа дахин тодруулна уу.

210 тэрбум төгрөгөөр 219 төсөл хөтөлбөрийг барих-шилжүүлэх концессын гэрээгээр төлбөр хийгдэх юм шиг байна. Барих-суулгах-шилжүүлэх концессын гэрээгээр гэж ярьж байсан мөртлөө яагаа өөрчилсөн бэ? Энэ зарчмыг түлхүү хэмжээнд хэрэглэж болдоггүй юм уу?

10-аад жилийн өмнө төрийн хэвшил барилга барьж чадахгүй, төр л чадна гэдэг байсан. Одоо хэн нь чадаж байгаа билээ?

Замыг бариад, ашиглаад, үнэ төлбөргүй шилжүүлэх энэ асуудлыг бусад бүх улс дэмжээд, болоод байхад яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ?
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ТӨСВИЙН ОРЛОГО БАРАГ БҮХ ТӨРЛӨӨР ДАВСАН

Төсвийн орлого бараг бүх төрлөөр давж байгаа. Ганцхан татварын бус орлого хасагдаж байгаа. Төсвийн орлого дотроо хамгийн өндөр давж байгаа нь ААН-ын албан татвар. 200 гаруй тэрбум төгрөгөөр давж байна. Үүний дараа НӨАТ орно. Дараагийх нь нийгмийн даатгалын сангийн орлого. Энэ гурван орлого давж байгаа нь эдийн засаг дөнгөж сэргэж эхэлж байгаа гэсэн үг.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд 2017 оны төсвийн тодотголоор 72,6 тэрбум төгрөгийг суулгаж оруулж ирсэн.

2016 оны 7 дугаар сард багтааж манай Засгийн газар байгуулагдсан. Биднээс өмнөх Засгийн газар 41 концессын гэрээг барих-шилжүүлэхээр байгуулсан. 2 их наяд 250 орчим тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй. Барих-ашиглах-шилжүүлэх гэсэн төсөвт ирээдүйд ачаалал өгөхгүй концессуудыг Засгийн газар баталж байгаа. Барих-шилжүүлэх концессын эрхийг УИХ дээр татаж авсан.

Ж.ГАНБААТАР: МОНГОЛ УЛС ТАТВАРЫН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ДУНДАЖ ОРОН

Монгол Улс татвар багатай гэж үзээд гаалийн татвар, орлогын албан татвар, НӨАТ-ын татварыг нэмнэ гэдэг асуудалтай хэзээ ч эвлэрч болохгүй. Монгол Улс татварын хэмжээнд дундаж хэмжээнийх.

ДНБ ядаж 7000 ам.долларт хүрсний дараа татвар нэмэх асуудлуудыг яриарай. ДНБ нь 40-өөд мянган доллартай байдаг улсуудыг Монголтой харьцуулж ярина гэдэг бол солиорол.

Үүний үр шим жилээс жилд ирнэ. Аж ахуйн нэгжүүдийг тодорхой хэмжээнд дэмждэг бодлогоо бариарай.