Б.Мөнхцэцэг: Хог боловсруулах үйлдвэр байгуулна

Б.Мөнхцэцэг: Хог боловсруулах үйлдвэр байгуулна

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Сонгинохайрхан дүүрэгтэй яагаад ажил, амьдралаа холбох болов?

-Миний ажил, амьдрал Сонгинохайрхан дүүрэгтэй салшгүй холбоотой. 2002 оноос Сонгинохайрхан дүүрэгт  амьдарч байна.  Төрийн анхан шатны нэгж болох хорооноос ажлын гараагаа эхэлж, 2006 онд 7 дугаар хорооны Засаг даргаар, 2009 оноос СХД-ийн 25-р хорооны засаг даргаар ажиллаж, ДИТХ-д гурав дах удаагаа сонгогдон ажиллаж байна.

-2002 онд таныг энэ дүүргийн иргэн болоход нөхцөл байдал ямар байв? Одоо хэр өөрчлөгдсөн бэ?

-Одоогоос 15 жилийн өмнө дүүрэгтээ суурьшиж байхад гэр хорооллын тэлэлт харьцангуй бага байсан. Сүүлийн таван жилд хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоо эрс нэмэгдэж байна. Манай дүүрэг хотын хамгийн захын дүүрэг гэдэг утгаараа шилжилт хөдөлгөөнт хамгийн өртөмтгий бүс нутаг гэж хэлж болно.

Одоо манай дүүрэг 315 мянга орчим хүн амтай. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт хүн амын 10 хувь, нийслэлийн хүн амын 30 хувь нь СХД-т амьдарч байна.

Хүн амын өсөлт, гэр хорооллын тэлэлтийг дагаад ажилгүйдэл, ядууралд өртөж, төрийн үйлчилгээний чанар сул, хүртээмж хомс байна.

-7 дугаар хорооны Засаг дарга болоод өөртөө тавьсан анхны зорилт юу байв? Хэр биелэв?

-7 дугаар хороо бол бусад хорооноос хамгийн их хүн амтайд тооцогддог. Дүүргийн оршин суугчдын дийлэнх нь гэр хороололд амьдардаг байлаа. Маш их хогтой байсан. Би ажлаа аваад эхний гурван сар асар их хуримтлагдсан хогноос салъя гэсэн зорилт тавьж ажилласан юм. 2009 онд 25 дугаар хорооны Засаг даргаар томилогдохдоо мөн л адил хаана, ямар гуу жалганд хог байна тэр болгоныг цэвэрлэж, хорооны оршин суугчдаа хоггүй цэвэр орчинд амьдруулах тал дээр анхаарч ирсэн.

-Хорооны Засаг дарга байх, дүүргийн ИТХ-ын дарга байх хоёрын хоорондын ялгаа?

-Төрийн анхан шатны нэгж болох хороо нь хүмүүсээс багаар ажиллахыг шаарддаг. Тиймээс хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа ажилтнуудаасаа цагийг зөв ашиглаж, нягт хамтарч ажиллахыг шаарддаг байлаа. Хороо бол иргэдтэйгээ маш ойр, тулж ажиллах боломжийг олгодог. Иргэддээ үйлчилж, тэдний тулгамдсан асуудлыг төрд уламжилдаг гүүр нь юм.

Дүүргийн ИТХ гэдэг бол бодлогын түвшний шийдвэр гаргадаг, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллага. Миний хувьд СХД-ийн ИТХ-ын даргаар томилогдоод жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд дүүргийн ИТХ-ын хуралдааныг цаг тухай бүрт хуралдуулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ.

2016 оны Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд СХД-ээс сонгогдсон төлөөлөгчдийн 60 хувь нь шинэ төлөөлөгчид байна. Тиймээс шинээр сонгогдсон төлөөлөгчдөө сургаж дадлагажуулахад нилээдгүй цаг зарцуулсан.

СХД-т тулгамдаж буй гол асуудлыг та юу гэж харж байна?

Манай дүүргийн тухайд хүн ам ихтэй учраас түүнийгээ дагаад ажилгүйдэл, ядуурал их байна.

Ажилгүйдэл, ядуурлаас болж архидалт их. Архидалтаас үүдэн гэмт хэрэг, зөрчил гарах нь түгээмэл. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн гаралт бусад дүүргээс өндөр хувьтай байна.

Дүүргийн ИТХ-ын дарга бол дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаар давхар ажилладаг.

Энэ дагуу уг Зөвлөлийг шинээр зохион байгууллаа.

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хэд хэдэн дорвитой ажлыг хийж хэрэгжүүлээд байна.

Тухайлбал, долоо хоног бүрийн “Лхагва” гарагт архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудад үүрэг болголоо.

Мөн хогны асуудал байна. Шинээр томилогдсон нийслэлийн удирдлагын багийн санаачилгаар “Иргэдээ сонсъё” аяныг есөн дүүргийн хэмжээнд өрнүүллээ.

Аяны явцад иргэдийн хамгийн их эмзэглэж, санаа зовниж буй асуудлуудыг нэгтгэн, Иргэдийн хурлын бодлого, шийдвэртээ тусгаад байна.

Тэдгээрийн дотор хог тулгамдсан асуудлуудын дээгүүрт эрэмбэлэгдэж байсан учраас СХД-ийн хэмжээнд “Хогноос салах” 3 сарын аян зохиож, уралдаан зарласнаар 166 хогийн цэгийг цэвэрлэлээ.

Манай дүүрэгт нийслэлийн 9 дүүргийн хогны 60 хувийг авчирч асгадаг Нарангийн энгэр буюу Улаанчулуутын хогийн цэг байдаг.

Энэ хогийн цэг энэ чигээрээ байсаар байх уу? Бид энэ хогийн цэгийг нэг тийш нь шийдэх үүднээс Японы талтай хамтарч ажиллахаар болсон.

Дүүрэг өөрөө төсөвгүй, нийслэлийн хөрөнгө оруулалт байхгүй ч гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, Япон улсын гурван хог боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон.

Японы талаас нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Ази-Номхон далайн эдийн засаг, байгаль орчны судалгааны хүрээлэнгийн тэргүүн Японы хог боловсруулах үйлдвэрийг бидэнд үзүүлсэн. Ингээд хогийг өндөр даралтаар боловсруулж, сайжруулсан буюу утаагүй түлш үйлдвэрлэн, тэр түлшнээсээ цахилгаан гаргаж авахаар харилцан тохиролцоод байна.

Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл Сонгинохайрхан дүүрэг хоггүй, эко дүүрэг болох хэтийн зорилгоо биелүүлэх болно.

Өөр нэг асуудал бол утаа. Манай дүүргийн иргэд утааны голомтод амьдарч байна. Утааг арилгах, агаарын бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд олон ажил хийлээ, багагүй хөрөнгө мөнгө зарцууллаа. Гэвч байдал дээрдсэнгүй.Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд өнгөрсөн өвөл “Маск зүүж хэвших” аян зохион байгууллаа.

Энэ мэтчилэн том ажил, том хөрөнгө оруулалт шаардахгүйгээр шийдэж болох асуудлууд бий.

Зөвхөн агаар гэлтгүй хөрсний бохирдлыг арилгахад чиглэсэн олон ажил хийж байна.

Ярилцсанд баярлалаа

Ярилцсан Г.Мөнхтуяа

Зочин

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг