НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо
НИТХ-ын дарга С.Амарсайхан
2017.10.09

НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо

Өнөөдөр /2017.10.09/ НИТХ болж С.Амарсайханыг НИТХ-ын даргаар сонголоо.

НИТХ өнгөрсөн сарын 22-нд хуралдаж, НИТХ-ын даргад С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын нэрийг дэвшүүлж, санал хураалт явуулсан.

Гэтэл саналын тоо тэнцсэнээр НИТХ дахь МАН-ын бүлэг 2 ч удаа завсарлага авч сунжирсны эцэст өнөөдөр хуралдсан.

Өнөөдрийн хуралдаанд 41 гишүүн оролцож, санал хураалтыг хаалттай горимоор явуулсан. Санал хураалтын дүнд С.Амарсайхан 21, Д.Баярсайхан 19 санал авснаар НИТХ-ын шинэ даргаар С.Амарсайхан сонгогдлоо.

НИТХ-ын дарга С.Амарсайхан

С.Амарсайхан нь  1973 оны зургадугаар сарын 13-нд төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ Трейд & Девелопмент” компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллажээ.