Ө.Энхтүвшин 2017.10.09 | Сайт: News.mn

Ө.Энхтүвшин: У.Хүрэлсүх илүү хурц зүйл хүсээд байна уу?

Ө.Энхтүвшин: У.Хүрэлсүх илүү хурц зүйл хүсээд байна уу?
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

МАН доторх “зодоон”  илүү хурцдаж байна. Энэхүү зодоон юунаас эхэлсэн, цаашид хэрхэн шийдэх талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс тодрууллаа.

-Ерөнхий сайдын томилгооны үеэр эрх баригч намын бүлгийн 28 гишүүн чуулганд орж ирээгүй нь УИХ дахь МАН-ын бүлэг зөвшилцөж чадсангүй гэсэн ойлголт төрүүлж буй.  Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-МАН-ын бүлэг бол парламентдаа том бүлэг юм. Бид ард түмэндээ амлалт өгсөн. Манай бүлгийн 30 орчим хүн Ардчилсан намын дэмжлэгтэйгээр өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулсан. Тухайн үед зөвшилцөх, ойлголцох процесс явагдаагүй. Одоо арай ч тэгэхгүй байх гэж бодож байтал бас л зөвшилцсөнгүй. Чуулган дээр шууд санал хураалт явуулаад, шийдчихлээ. Үүнд гол маргаан, эгдүүцэл байгаа юм. Цаашид бүлэг доторх эв нэгдлийг хэрхэн хангах вэ гэдэгт ямар ч хариу өгөхгүй байна. Тэгээд өнөөдөр чуулганы хуралдаанд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг сонсоод би гайхаж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байгаа хүн “Би амь насаа алдахаас айхгүй байна” гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг хорлох, хөнөөх ямар асуудал тулгараад байгаа юм бэ. Бүлгийн 65 дотроо л ойлголцох асуудал байгаа шүү дээ. Ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлэх, ажлаа зохион байгуулах хэрэгтэй. Ер нь цаашид эв нэгдлээ хангаж чадахгүй юм байна, илүү хурц зүйлийг хүсээд байна уу гэдэг бодол төрж байна.

-Цаашид МАН-ын талцал удаан үргэлжилбэл яах вэ?

-Одоо бол Ерөнхий сайдаас бүх зүйл хамаарна. Ерөнхий сайдын үгийг бид сонсох ёстой. Засгийн газарт хэн, хэн орох вэ гэдэг бол бүр дараа, дараагийн асуудал. Бараг 30 дахь асуудал. Хамгийн гол нь ямар зарчим баримтлах вэ, зарчмаа яаж барих вэ гэдгийг бид сонирхоод байгаа юм. Харамсалтай нь, Ерөнхий сайд баримтлах зарчмаа тодорхой хэлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Бүлэг дотор талцал бол байна. Тэрийг нуугаад, талцаагүй гэж худлаа хэлээд яах вэ. Талцлаа зогсоож, эв нэгдлээ хангах чиглэлээр Ерөнхий сайд ажиллах ёстой.

-Гарын үсэг зураагүй гишүүдийн зүгээс шинээр байгуулагдах Засгийн газрын 50 хувийг авна гэдэг санал тавиад, “бойкот” хийгээд байгаа юм биш үү?

-Үгүй. Тийм юм яриагүй. Гол нь эв нэгдлийг хэрхэн хангах вэ, зарчмаа тодорхой болго гэж хүсээд байгаа юм.

-Танай намын бүлэг дотроо “манай тал, нөгөө тал” гэлцэж байна. Аль хэсэг нь Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө ажиллаж байгаа юм бэ?

-Бид бас үүнийг л яриад байгаа юм. Эв нэгдлээ хангаж байж улс орны язгуур эрх ашгийг хамгаална. Түүнээс бүлгийн хуваагдал гүнзгийрвэл ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж чадахгүй шүү дээ.

-Гарын үсэг зураагүй гишүүд шинэ Засгийн газарт орж ажиллах уу?

-Тэрийг яриагүй байна. Эхлээд зарчмаа тогтооё гэж байгаа юм. МАН-ын 65 бүлгийг хэрхэн нягтруулах вэ гэдгийг ярих ёстой. Тус тусдаа хуралддаг байдлыг зогсооё гээд байгаа юм. Одоо бол 32 нэг хуралдана, 31 нэг хуралдаад байгаа юм. Бид 65-уулаа нэгдээд хуралддаг байя. Үүний тулд Ерөнхий сайд ямар бодлого барих юм бэ гэдгийг асуугаад байгаа юм.

-Ардын нам энэ хэвээр байвал Улсын Дээд шүүхэд шинээр нам бүртгүүлэх үү?

-Одоогоор тэгж хэлж чадахгүй. Хэл амаа ойлголцоно гэсэн байр суурьтай байна. Өнөөдрийн хувьд чуулганы хуралдаанд 30 орчим гишүүн оролцсонгүй. Гэвч цаашид аль болох ойлголцох хэрэгтэй.  

-Нам доторх талцал 2020 оны сонгуульд сөргөөр нөлөөлөх болов уу?

-Талцал гүнзгийрэх юм бол 2020 оны сонгууль Ардын намын талд харагдахгүй. Тиймээс нягтрах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.

Т.НОМИН